Улсын Онцгой комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй холбогдох нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт боллоо.
Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархвар зүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэв.
Энэ хүрээнд хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнд:
Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж батлуулж хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах;
Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийн вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирэх жил томуугийн вакцинд багш, ажилчдыг хамруулах;
Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх;
Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх;
Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах;
Нийслэлийн захын хорооллын нэг сургуульд амны хаалтын хэрэглээ болон томуу, томуу төст өвчний тархвар зүйн өөрчлөлтийн талаар идэвхтэй тандалт хийх;
Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулахад хамтран ажиллах юм.
Түүнчлэн 6 настнуудын эрт илрүүлэг, үзлэг, “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээ, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хийсэн салбарын хяналтын газрын хяналт, шалгалтын дүнгийн талаар санал солилцов.