Цаг үеийн мэдээ

2023 оны тавдугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд “Нартын хурд-2023” баруун бүсийн уралдаан болжээ. Уралдаанд хязаалан насны морь унаж уралдсан 11 настай уралдаанч хүү ямар ч анхааруулга, сэрэмжлүүлэггүй нүхэнд унаж тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Энэ талаар уралдаанч хүү А.Баянмөнхийн аав Э.Алдартай ярилцлаа. 

-Тухайн үед юу болсон юм бэ?

-2023 оны тавдугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд бүсийн уралдаан болсон. Тэр уралдаанд би ганц морьтой очсон юм. Тэгээд хүүгээрээ унуулсан. Тухайн өдөр хүү минь уралдаж байхдаа үер идсэн нүхэнд унаад тархиндаа хүнд гэмтэл авсан. Тэр нүхийг Орхон сумын хэсгийн төлөөлөгч ярихдаа өөрөө ороод зогсоход надаас дээшээ харагдахгүй байсан. Тэгэхээр бараг 2 м гүнзгий нүх. Тухайн үед намайг очиход нэг морь тэр нүх рүү унаад үхчихсэн байсан гэж ярьсан. Манай хүү морьтойгоо харайж гараад, унахдаа духаараа унасан юм шиг байгаа юм.

-Хамгаалалтын тоноглол, хувцас хэрэглэл нь бүрэн байсан уу?

-Тухайн үед бүх хувцас хэрэглэл нь бүрэн байсан. Какс, хамгаалалтын хэрэгслээ бүрэн өмссөн. Унахдаа духаараа унаад л тархиндаа хүнд гэмтэл авсан. 

-Дөнгөж хаврын уралдаан нээгээд удаагүй байсан юм байна. Орчин нөхцөл, тэмцээний зохион байгуулалт хэр байсан юм бэ?

-Бүсийн уралдаан гэдэг утгаар нь очиж оролцсон. Зохион байгуулалт гайгүй байх гэж бодоод. Тухайн үед Уяачдын холбоо нь замд хангалттай хүч татчихсан, цагдаагийн хамгаалалт гарчихсан. Зохион байгуулалт сайтай л харагдаж байсан. Маш их тоосжилттой, давхиж байгаа хүүхдүүдэд харагдах орчин хязгаарлагдсан. Тийм л байсан. 

-Хүү гараанаас гараад хэр явж байгаад унасан юм бэ?

-3-4 км давхиад унасан. Ямар ч анхааруулга, сэрэмжлүүлэг тавиагүй үерийн усанд идэгдсэн нүх байсан. Түүнийг уяачдын холбоо нь 41 алхмаас гадна, манай холбоонд хамаагүй гээд байгаа. Тийм шинжээчийн дүгнэлт ч гарчихсан яваа. 

-41 алхам гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Морь уралдах талбайн өргөнийг алхмаар хэмжээд гарсан уртыг хэлээд байгаа. Түүнээс илүү алхам учраас Уяачдын холбоонд хамаагүй хүүхдийн буруу гэсэн. Эмнэлгийн жолооч тэндээс манай хүүг авах гэж байгаад өөрсдөө тэр нүх рүүгээ унах шахлаа гэж ярьж байсан. 

-Тухайн үед хүүгийн биеийн байдал ямар байсан бэ?

-Бид 6-8 сар хүртэл эмнэлгээр явсан. Эхэндээ хүү минь ямар ч ухаангүй комонд орчихсон. Бараг жил тийм байдалтай байсан. 

-Хүү тухайн үед хэддүгээр анги байсан бэ. Сургууль, анги хамт олноос асууж сураглаж ирсэн үү. Тухайн уралдааныг зохион байгуулсан хүмүүс ирж уулзсан уу?

-Одоо ч хүүгийн ангийнхан ирдэг. Нэлээд удаан эмнэлгээр яваад есөн сар гаргаад гэртээ иртэл хүүхэд хамгааллын байгууллагаас хүмүүс хүүхэд чинь хаана байна гэж ирсэн. Манай хүүхэд асаргаанд байгаа. Аав ээж хоёр нь ээлжилж асраад, ухаан нь орон гаран, ер нь л хүнд байгаа гээд хэлсэн. Шөнө ээлжилж харах, цай хоолыг нь тохируулж өгөх гээд ер нь хичээлд явах ямар ч боломжгүй болсон. Уяачдын холбооноос ганц хүн л ирсэн. Гэхдээ биднийг хотод эмчилгээ хийлгээд явж байх хойгуур ирээд явсан байсан. 

-Тэгээд тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-Сэлэнгэ аймгаас 3 сая, Орхон сумаас 3 сая төгрөг өгсөн. 

-Тэр нүхэнд яагаад анхааруулга тавиагүй юм бол?

-41 алхмаас хэтэрсэн, уралдааны замд хамаагүй танай хүүхэд зам дөтлөх гэж яваад унасан гээд байгаа. Тэгтэл тэнд ямар ч эргэлт, дөтлөх зам байхгүй. Зэлүүд тал л байсан. 

-Хүү тухайн өдөр мориноос унахаасаа өмнө ямар хүүхэд байв?

-Сэргэлэн цовоо, онц сурлагатай хүүхэд байсан. 

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байна вэ?

-Анх эмч нар хүүхдийн чинь биеийн байдал маш хүнд шүү. Асаргаа, эмчилгээ, хүүхдийн биеийн байдал мэднэ гэж байсан. Бид ч бас тодорхой хэмжээнд хүүгээ эмчлүүлээд, хот руу ч олон эмнэлэгт очсон. Одоо Дархан-Уул аймгийн хөдөлгөөн заслын эмнэлэгт явж байгаа. Эмч нар хуучин шигээ болно гэж байхгүй. Насаараа асаргаанд байна гэсэн бол тодорхой хэмжээнд дээшилсэн шүү гэж байгаа. Хүүхэд маань хэвтэрт орчихсон болохоор янз бүрийн зовуурь үүснэ. Тухайн өдөр ямар байхаас шалтгаалж янз бүрийн ааш гаргана. 

-Сэтгэл зүйн хувьд ямар байна вэ?

-Маш ааштай, ууртай болсон. Хүн ялгаж харьцана. Нэг үеэ бодоход ухаан ороод, хүний ярьж байгааг ойлгоод ярих гэж хичээдэг болсон. Зарим нэг үгийг тод биш ч хэлж байгаа. 

-Та бүхэн цагдаад хандсан уу?

-Бид тухайн үед өргөдөл гомдол гээд явах боломж ч байгаагүй. Хүүгээ сэргэчих байх, босоод ирэх байх гэж найдсан. Нэг нь эмнэлэгт хүүгээ сахина. Нөгөө нь гаднаас хоол цайгаа зөөнө. Хоолыг нь гуурсаар өгдөг байсан болохоор гаднаас хоол авах боломжгүй байсан л даа. 

-Одоо гомдлоо хаана гаргаад явж байна вэ?

-Тэр 41 алхмыг л бид гайхаад байгаа. Тэр олон морь яаж тэр зайд багтаж уралдах юм бэ. Тэгж давхих боломжгүй шүү дээ. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гомдлоо гаргачихсан. Шүүх шинжилгээний хоёр дүгнэлт гарсан. Эхнийх нь бүсийн уралдаан учраас энэ бол үйлдвэрлэлийн осол гэж гарсан. Үүн дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд явж байтал Улаанбаатар хотын Морин спорт уяачдын холбооноос 41 алхмаас гадуур манай уяачдын холбоо хариуцахгүй. Замаас гадуур уралдаан учраас хүүхдийн буруу. Танай хүүхэд дөтөлж яваад унасан гэдэг хоёр дүгнэлт гарсан. 2024 оны арванхоёрдугаар сард энэ хэрэг ямар нэгэн эрүүгийн шинжгүй тул хаах шийдвэр гарсан тухай захидал ирсэн. Түүнийхээ хариуг долоо хоногийн дотор өгөөрэй гэсэн байсан. Тэр захиа нь ирж явтал бараг 7 хоног нь дөхчихсөн байсан. Тэгээд амжиж хүсэлтээ өгөөд одоо хэрэг нь шалгагдаад явж байгаа. 

-Тухайн өдөр хэчнээн морь уралдсан юм бол. Танай хүүгээс өөр унасан хүүхэд бий болов уу?

-Тухайн өдөр 4 хүүхэд мориноос унасан гэсэн. Манай хүүхдийн хажууд нэг хүүхэд унасан. Гараан дээр нэг, бариан дээр нэг хүүхэд унасан. Тухайн уралдааныг зохион байгуулагчид, Уяачдын холбоо маш муу ажилласан. Тэр нүхний өмнө хүн зогсоогоод анхааруулга өгөөгүй. Ямар ч анхааруулга тавиагүй. Тэр уралдааныг наадам болдог замаараа ч давхиулаагүй юм билээ. Тэр комиссынхон нь замаа шалгасан гээд байгаа. Юуг нь шалгасан юм бэ. Тэгээд манай хүүгийн тухай дээшээ аймаг руугаа мэдэгдээгүй. Тэндээ дарчихсан байсан. Есдүгээр сард сургууль соёл гээд аймгаас хүмүүс ирээд энэ хүүхэд яав ийв, ямар уралдаанд орж байгаад унав, хаана болсон уралдаан бэ гэдгээс асуудал үүсээд хүүхэд хамгааллын хүмүүс ирж аймагт нь мэдэгдсэн. Тэгээгүй бол тэндээ нам дарагдаад хэрэг нь хаагдах байсан юм шиг байна лээ. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа