Dark Light
Урлаг соёл | 2026-11-24

ЦАХИМ ТОГЛОЛТДОО ГИВЛҮҮРГҮЙ ДУУЛСАН ИРАНЫ ДУУЧИН БҮСГҮЙГ 74 УДАА ТАШУУРДАН ШИЙТГЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Wikimedia Commons

Ираны дуучин Парастү Ахмади цахим тоглолтдоо гивлүүр (хижаб) өмсөлгүй оролцсоныхоо төлөө хатуу шийтгэл хүлээлээ. Түүнчлэн Ираны шүүх түүний цахим тоглолтыг нийгмийн ёс суртахууны тухай хуулийг зөрчсөн хэмээн дүгнэсний дараа түүний урлагийн үйл ажиллагаа эрхлэх, дуулах болон зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.

Ираны дэглэм Даваа гарагт дуучин Парастү Ахмади болон түүний продакшны багийн дөрвөн гишүүнийг тус бүр 74 удаа ташуурдсан бөгөөд энэ нь Ахмадигийн гивлүүргүй дуулсан цахим тоглолтын улмаас оноосон ялыг гүйцэтгэсэн явдал болохыг түүний өмгөөлөгчид олон улсын хэвлэл мэдээлэл болон хүний эрхийн байгууллагуудад баталжээ. 

Өмгөөлөгчдийн нэг нь BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, эсвэл ядаж ялыг хөнгөрүүлэх, түр түдгэлзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч бүтсэнгүй. Бусад өмгөөлөгчид бид ялын гүйцэтгэлийг хойшлуулахыг хүртэл оролдсон ч шийдвэр гүйцэтгэх албаныхан ялыг нэн даруй гүйцэтгэхээр зүтгэсэн” гэж ярьжээ. 

Ираны "Etemad" сонинд мэдээлснээр, ташуурдуулсан продакшны багийн дөрвөн эрэгтэй гишүүн нь Сохейл Фагих-Насири, Амин Тахери, Амирали Пирниа болон Мохсен Лашкари нар байжээ. 

Кум хотын дэглэмийн шүүх болон давж заалдах шатны шүүхээс түүнийг “цахим орчны платформуудад садар самуун, ёс суртахуунгүй контент үйлдвэрлэж, нийтэлсэн замаар нийгмийн ёс суртахууныг зөрчсөн” гэж үзсэний дараа Ахмадигийн бүх төрлийн урлагийн үйл ажиллагаа эрхлэх болон гадаадад зорчих эрхийг мөн хоёр жилээр хориглосон байна. 

Иран уран бүтээлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор байна

Тэднийг Исламын Эрүүгийн хуулийн 638 дугаар зүйл болон Компьютерын гэмт хэргийн тухай хуулийн 743 дугаар зүйлээр буруутган яллажээ. Исламын Эрүүгийн хуулийн 638 дугаар зүйлд шашны хорио цээрийг ил тод зөрчих, эсвэл гивлүүргүй гарч ирэх зэрэг нийгмийн ёс суртахуунд харшилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Харин 743 дугаар зүйлд дижитал сүлжээгээр дамжуулан садар самуун, биеэ үнэлэлтийг сурталчлах, өөгшүүлэх эсвэл нийтийн ёс суртахуунд харшилсан гэж үзсэн үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог байна. 

Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард "Каравансарай концерт" (Caravanserai Concert) нэртэй тоглолтоо YouTube сувгаар цацсаны дараа анх баривчлагдаж байсан бөгөөд тухайн тоглолтод амьд үзэгчид байгаагүй юм. 

"Эмнести Интернэшнл" (Amnesty International) зэрэг хүний эрхийн төлөө тэмцэгчид болон байгууллагууд энэхүү ташуурдах шийтгэлийг Исламын Бүгд Найрамдах Улсын өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлт, эмэгтэйчүүдийн эрх чөлөө рүү чиглэсэн халдлагын нэг хэсэг хэмээн хатуу буруушааж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08