Олон улсын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхаарал татсан томоохон үйл явдал болж, Итали мэргэжилтэн Карло Анчелотти Бразилийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо.
“Хөлбөмбөгийн өлгий нутаг” хэмээн алдаршсан Бразил улс гадаадын дасгалжуулагч тэр дундаа Европын дээд түвшний мэргэжилтнийг урин авчирсан нь дэлхийн аваргын алтан дагиныг эх орондоо авчрах хүсэл болон хүнд байдалд орсон шигшээ багаа эргэн сэргээх гэсэн томоохон зорилго бололтой.
“Анчелотти бол хамгийн тохиромжтой сонголт. Тэр таван өөр улсын дээд лигт аварга авч байсан хосгүй амжилтын эзэн,” хэмээн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн шинжээч Тим Викери ярьжээ.
Сүүлийн хорин жилийн хугацаанд Бразилийн хөлбөмбөгийн ноёрхол үгүй болж, тэд 2007, 2019 онуудад Копа Америка-д түрүүлсэн ч, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд хангалттай амжилт үзүүлж чадаагүй.
2002 онд тав дахь удаагаа ДАШТ-д түрүүлснээс хойш тэд дахин аварга болоогүй юм.
2014 онд эх орондоо зохион байгуулсан ДАШТ-ий хагас шигшээд Германчуудын эсрэг 7:1 онооны үнэмлэхүй ялагдал хүлээж, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан.
2018 онд Бельги, 2022 онд Хорватын эсрэг шөвгийн наймд хасагдсан нь тэдний уналтыг улам тодотгосон.
2002 оноос хойших бүх ДАШТ-д Бразил Европын багтай хасагдах шатанд таармагц шууд хасагдсан. Энэ нь тэдэнд нэг ёсны хараал шиг болчихсон гэж Викери онцолсон байна.
Тиймээс ч тэд энэ удаа Европын дасгалжуулагчийг сонгож, “дараагийн удаад тэднийг ялахын тулд бид тэднийг сайн мэддэг хүнийг авах хэрэгтэй” гэжээ.
Бразилийн шигшээ багийн 2026 оны ДАШТ-ий эрхийн төлөөх одоогийн урьдчилсан шатны тоглолтууд сандаргахаар түвшинд хүрээд байна. Хэдий тэд эрхээ авах бүрэн боломжтой ч, Аргентинд 4:1 харьцаатайгаар ялагдсан нь багийн одоогийн нөхцөл байдалд ноцтой анхааруулга болоод байна.
Бразилын хувьд ялалт авчрах дасгалжуулагчийн эрэлд сүүлийн жилүүдэд олон удаа өөрчлөлт оржээ. 2022 оны Катарын ДАШТ-ий дараа Тите албан ёсоор огцорч, багийн сахилга бат, нэр хүндийг сэргээсэн ч амжилт хангалтгүй байлаа. Үүний дараа томилогдсон Доривал Жуниор Аргентинтай хийсэн шившигт тоглолтын дараа чөлөөлөгдсөн.
Үүний хариуд Бразилийн Хөлбөмбөгийн Холбоо олон жилийн турш төлөвлөж ирсэн зоримог төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болж "Анчелотти төсөл" албан ёсоор эхлэх гэж байна.
65 настай Италийн нэрт мэргэжилтэн Карло Анчелотти энэ сарын 26-нд Реал Мадрид дахь үүргээ дуусгасны дараа Бразилийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлнэ. Түүний оронд Реалд Шаби Алонсо томилогдох магадлалтай байгаа аж.
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн шинжээч Тим Викерийн хэлснээр:
“Өнгөрсөн жил ахмад тоглогчид Доривал Жуниорт нэг их итгэдэггүй байсан тухай яригдаж байсан. Харин Анчелоттигийн хувьд тийм зүйл гарахгүй" гэжээ.
Эх сурвалж
| BBC
|