АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болж буй бөгөөд 34 орны нийт 262 тамирчин өрсөлдлөө.
Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор нийт 17 шатарчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, бас дэлхийн цомд оролцох эрхээ авлаа.
Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд Их мастер 53, эмэгтэй их мастер 19, Олон улсын цолтой 228 шатарчин бүртгүүлсэн байгаагаас энэ тэмцээний чансааг дүгнэж болохоор байна. Монголын шатарчид тус тэмцээнээс өмнө нь хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар хүрэл медалийн тавцанд гарч байв.