Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм.
Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдох гэж байна.
Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.
Энэхүү чансааны оноонд үндэслэн
-Оны шилдэг тамирчныг тодруулах
-Тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах
-Олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.
