Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монгол Улсын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ итгэл сэтгэлийг тээсэн тамирчид та бүхэн дэлхийн дэвжээнд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил гарган анхдагч амжилтыг байгуулан эх орондоо ирсэн явдалд талархаж байна” хэмээн тодотголоо.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэхэд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хос медаль хүртсэн анхны тамирчин болсон бол эрэгтэй баг багийн төрөлд анхны медалийг хүртсэн нь гарцаагүй онцлох амжилт юм.