Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар үргэлжилж байна. Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг зүсмийн, туухай тамгатай хязаалан магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын саран дэвсгэртэй загастай дөл тамгатай, хар зүсмийн хязаалан, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор зүсмийн, сар тамгатай хязаалан, айргийн дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор зүсмийн загасан тамгатай хязаалан, айргийн тавд Б.Сүхбаатарын зээрд халзан хязаалан тус тус хурдаллаа.