Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Польш улсын багийг нэмэлт цагт 18:17-оор буулган авч, “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний алтан медалийн төлөө тоглохоор болсон.
Тоглолтын үндсэн цаг 16:16 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт Польшийн баг эхний оноог авсан ч Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг сүүлчийн 2 оноог авч чадаснаар алтан медалийн төлөө тоглохоор боллоо.
Б.Ариунцэцэгийн FIBA 3x3 ДАШТ-ий финалд шалгарсныхаа дараа өгсөн ярилцлагийг хүргэж байна. Тэрбээр:
"Үнэхээр гайхалтай. Бид багаараа ажиллалаа. Сүүлийн мөчийн шидэлтийг авсандаа баяртай байна. Багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Ийм хожил авсандаа одоо хүртэл итгэхгүй байна. Шидэх гэж байхдаа хүртэл би өөртөө ч итгээгүй. Гэхдээ үнэхээр гоё байна.
Бид хэд ажиллаж дуусаагүй байна. Бид аваргын цомыг авахыг хүсэж байгаа. Аваргын төлөөх тоглолтод бүх зүйлээ дайчлан баг дээрээ ажиллаад тайван орохыг хичээнэ ээ. Монголчууддаа хандаад та нартаа хайртай шүү гэж хэлье даа" гэлээ.