Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн ахмад хөлбөмбөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, шагналыг гардуулан өглөө.
Тэрбээр ахмад хөлбөмбөгчдөд хөлбөмбөгийн спортын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн зорилго, хийгдэж буй бүтээн байгуулалт, тухайлбал шинээр баригдахаар болсон FiFA-ийн стандарт 10 жижиг талбай, 1 эйрдомын тухай дэлгэрэнгүй танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдан, шагнал гардуулах ёслолд биечлэн оролцож, ахмад хөлбөмбөгчдөд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр “Төрийн дээд шагнал наадмын өмнө гардаж авна гэдэг онцгой хүндэтгэл” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтангадас” одонгоор Лувсанбалдангийн Лхагвадорж, Төртогтох овогтой Төрбат, Балдангомбо овогтой Зоригт, Гиймаажав овогтой Болдбаатар, Дэлгэр овогтой Буян-Өлзий, Сүхээ овогтой Сүхбаатар нарын олон жил хөлбөмбөгийн спортоор амжилттай хичээллэж, Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тамирчдыг шагнаж урамшуулав.
Мөн арга хэмжээний үеэр ахмадууд улсын аварга шалгаруулах тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, тэмцээний талбайн хүрэлцээг сайжруулах зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Ц.Анандбазар ерөнхийлөгч “Үндэсний их баяр наадмаа угтаж, “Алтангадас” одонгоор шагнуулсан ахмад хөлбөмбөгчдөдөө гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!
Энэ бол зүгээр ч нэг шагнал биш, харин та бүхний олон жилийн хөдөлмөр, хөлбөмбөгийн спортод оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл юм. Монголчууд бид “Алтангадас” одонг ихэд бэлгэшээдэг, сүүл сайтай хэмээн үздэг билээ. Ийм эрхэм одонгоор энгэрээ мялаасан та бүхний араас олон сайхан шагнал, амжилт ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
Ахмад хөлбөмбөгчдийнхөө хүсэлтийг хүндэтгэн, энэ жилийн ахмадын хөлбөмбөгийн тэмцээнийг би хувиасаа бүрэн санхүүжүүлж, үр бүтээлтэй, дурсамж дүүрэн, сайхан уур амьсгалтай зохион байгуулахаа баяртайгаар амлаж байна.
Ахмадын тэмцээнийг албан ёсоор цаашид зохион байгуулж явуулдаг болно. Та бүхнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн минь сайхан наадаарай” гэлээ.





