Монголын үндэсний бөхийн холбоонд нэр бүхий 16 аймгийн арслан цолтой бөхчүүд аймаг, цэргийн цолтны эрэмбийн талаар хүсэлт ирүүлснийг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2006 оны 06-р сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоолоор аймаг, цэргийн цолтой бөхийн улсын баяр наадамд 3, 4 давсан давааг аймаг, цэргийн цолтны эрэмбэд оруулан тооцож байв.
Энэ нь “Үндэсний их баяр наадмын тухай хууль” ба “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн заалтуудтай шууд зөрчилдөж байсан, мөн аймаг цэргийн цолтны улсын наадмын 3, 4 давсан амжилтыг эрэмбэд тооцуулахгүй байх тухай нэр бүхий 11 аймгийн хурц чимэгтэй арслан цолтой бөхчүүдийн (2006 оны журмаар хурц чимэгтэй арслангуудын улсын наадамд 3, 4 давсан амжилтыг тооцдоггүй байсан) хүсэлт зэргийг харгалзан үзэхээс гадна дээрх журам нь цааш хэрэгжвэл улсын наадам төдийгүй аймаг, сумын наадмын 3, 4-ийн давааны амжилтыг ч эрэмбэд тооцох, дээрх эрэмбүүдийг тооцсоноор аймаг, сумын барилдаануудад эрэмбийн маргаан, будилаан ихээр гарах зэрэг олон сөрөг үр дагавар үүсэхээр байсан.
Иймд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн 65 тоот тогтоолоор аймаг, цэргийн цолтны улсын баяр наадамд 3, 4 давсан амжилтыг эрэмбэд оруулж тооцохгүй байхаар шийдвэрлэж, тогтоолыг 2019 оноос мөрдөхөөр болсон байдаг.
Өргөдөл гаргасан аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2018 оны 65 тоот тогтоол нь дүрэм, журмыг цэгцлэх, хойшид аймаг, сумын наадамд адил төстэй маргаан гарахаас сэргийлж буйг хүлээн зөвшөөрч байгаа ч тухайн цаг хугацаанд (МҮБХ-ны 2006 оны журам) мөрдөж байсан журмаар тодорхой амжилт гаргаж, эрэмбэ дээшилсэн боловч сүүлд гарсан тогтоолын дагуу эрэмбэ буурсан явдлыг харгалзан үзэх ёстойг тодотгон өргөдөл ирүүлсэн байсныг авч хэлэлцсэн.
Аливаа хууль, дүрэм журам шинэчлэгдэх, өөрчлөгдөхөд түүний үйлчлэлд өртөж байгаа этгээдийн ашиг сонирхлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан тогтоол гарсан хугацаанаас өмнөх буюу 2006-2018 онуудад амжилт гаргасан аймаг, цэргийн цолтой нэр бүхий бөхчүүдийн амжилтыг эрэмбэд оруулж тооцохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж
| МҮБХ
|