Нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээний нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Хүндэт Ерөнхийлөгч Мариус Визер,
Эрхэм тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид болон албаны төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт жүдо бөхийн сонирхогчид, дэмжигчид ээ,
“Улаанбаатар Их дуулга-2025" тэмцээнд хүрэлцэн ирж оролцон Монгол Улсад зочилж байгаа Та бүхэнд баярлалаа. Мөнх тэнгэрийн орон Монгол Улсад тавтай морилно уу. Энэ жил эх оронд маань гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд 29 орны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаад баяртай байна.
Энэхүү өндөр хариуцлагатай тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад бүхий л талаар онцгойлон дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын захирагч, Олон Улсын Жүдо бөхийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье. Спорт бол дэлхийн түүхийн ямар ч хүнд хэцүү цаг үед эв нэгдэл, энх тайвны хүчтэй дуу хоолой байж ирсэн билээ. Цаашид их спортоор дамжуулан эв нэгдэл, энх тайвныг сурталчлан бэхжүүлэх, олимпизмыг дэлгэрүүлэх үйлсэд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
“Улаанбаатар Их дуулга-2025” тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа жүдо хэмээх эв нэгдэл, их хүндлэлийн спортын шударга өрсөлдөөнд нь амжилт хүсье.
Хамтын хүч амжилт.
Баярлалаа.