Үндэсний их баяр наадмын үеэр допингийн хэрэглээтэй тэмцэх зорилгоор аймаг, дүүргийн баяр наадам болон цэргийн наадмуудын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтын дагуу дээрх шаардлага хэрэгжиж байгаа бөгөөд 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, бүх цэргийн наадам хамрагдсан юм.
Энэхүү үйл ажиллагааг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн захиргаа, Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу хэрэгжүүлжээ.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6, 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд олон улсын стандартад нийцүүлэн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Герман улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, www.idas-kreischa.de) рүү хүргэн, лабораторийн шинжилгээ хийлгэсэн байна.
Шинжилгээний дүн болон холбогдох баримт бичгүүдийг албан ёсны сувгаар, хяналттай байдлаар Монголын Үндэсний Бөхийн Холбооны цахим шуудангаар дамжуулан хүлээн авсан нь мэдээллийн ил тод байдал, хамтын ажиллагааны зарчмыг хангаж буй үйлдэл хэмээн онцолжээ.
Допингийн эсрэг дүрмийн дагуу Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага дараах мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх үүрэгтэй. Үүнд:
-
Шинжилгээний эцсийн үр дүн
-
Зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
-
Илэрсэн хориотой бодис, аргачлал
-
Оноосон шийтгэл, урьдчилсан байдлаар эрх түдгэлзүүлсэн шийдвэрүүд
Мөн тамирчдын эрхийн баталгааг хангах үүднээс:
-
Лабораторийн “А сорьц”-ын баримт бичгийн багц авах
-
“B сорьц” шинжлүүлэх хүсэлт гаргах
-
Албан ёсоор тайлбар гаргах
-
Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах эрхийг хангасан байна.
Монгол Улс допингийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг тус байгууллага мэдэгдэв.
Цаашид допингийн хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг тогтмол, ил тод байдлаар олон нийтэд хүргэсээр байх болно.
Эх сурвалж
| Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага
|