Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Үндэсний их баяр наадмын шинэ харцага цолтон Мөнхжаргалын Бэлгүүтэйд нутгийн зүгээс хүндэтгэл үзүүлж, шинэ цолыг нь мялаан, Ланд Круйзер 300 маркийн автомашин гардуулан өглөө.
Хүндэтгэлийн арга хэмжээ энэ долоо хоногт болж, ёслолд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, мөн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал нар оролцсон байна.
Шинэ цол хүртсэн Бэлгүүтэй ардын спортын түүхэнд тод мөртэй үлдэх амжилт гаргаж, нутгийн ард олноо баярлуулсан төдийгүй аймаг, сумынхаа нэрийг улс даяар өндөрт өргөсөн нь нутгийн удирдлагууд болон олон түмний бахархлыг төрүүлж, ийнхүү талархал, урамшуулал болгон хүндэтгэл үзүүлжээ.