Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилт, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд явагдаж буй “Tour of Mongolia 2025” олон өдрийн дугуйн уралдаан 26 дахь жилдээ үргэлжилж байна. Уралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монголын дугуйн холбоо зохион байгуулж байгаа юм.
Тамирчид наймдугаар сарын 12-нд Говь-Алтай аймгаас гараагаа эхэлж, 450 орчим км замыг туулан наймдугаар сарын 14-нд Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Зохион байгуулагчдын хэлснээр энэ удаагийн арга хэмжээ нь орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа Ховд аймаг зам, дэд бүтэц сайтай учир улсын болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн боломжтойг онцолжээ.
Уралдааны үеэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Дугуйн өдөрлөг” зохион байгуулж, хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан явуулсан байна. Насны ангиллаар 300 орчим хүүхэд оролцсон тус уралдаанд амжилт гаргасан тамирчдын шагналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулан баяр хүргэв. Мөн дугуйн үзүүлбэр толилуулж, иргэдэд дугуйн спортыг сурталчиллаа.
Монголын шилдэг багууд, шилдэг дугуйчид өрсөлдөж буй уг тэмцээний дараагийн гараа наймдугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом хотод, сүүлийн гараа наймдугаар сарын 21-нд Завхан аймгийн Улиастай хотод болж, аваргуудаа тодруулна.

