Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Наадамд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөж байна.
Өнөөдөр тус наадмын пара жүдо бөхийн тэмцээнд 16 багийн нийт 58 тамирчин өрсөлдөж байгаа юм. Пара жүдо бөхийн тэмцээн МБАТСН-ын хөтөлбөрт 2008 оноос багтсан бөгөөд хамгийн олон түрүүлсэн (4 алт) нь Д.Ганбат юм.
Тэрбээр өдгөө алтан медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд "Гуанжоу-2010"-аас мөнгө, "Инчён-2014"-өөс хүрэл, “Ханжоу-2022”-гоос алт медальтай билээ.