“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг жинд зодоглосон 2017 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон дэлхийн хос медальтан боллоо.
П. Орхон энэ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын дөрөв дэх медалийн эзэн юм.
Загребын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, дэлхийн аваргын хос медальтан болсон Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Маш олон жилийн хөдөлмөрийн үр дүн байлаа. Уналттай босолттой, бие сэтгэл зүйн хувьд маш олон зүйл туулсны дараа авсан медаль болохоор маш үнэ цэнтэй байлаа. Медалиа ихэрлүүлж чадсандаа маш их баяртай байна. Энэ ганцхан миний хүч хөдөлмөр байсангүй. Холбоо маань эв эеэ олж, энэ олон жилийн дараа цэгцдээ орж, зөв удирдлагатай болж ажиллаж байна. Я.Содбаатар даргадаа, удирдах зөвлөлийнхөө нийт гишүүддээ, арын албыг минь бүгдийг нь зохицуулж өгдөг Мянганбаяр дарга, Энхбаяр ахдаа баярлалаа. Шигшээ багийн багш нартаа баярлалаа. Анхнаас нь бөхийн эрдэмд сургасан Хосбаяр багш, Төгсбаяр багшдаа баярлалаа. Надтай тулж ажиллаж, өдий өндөр зэрэгтэй барилдах хүртэл минь дэмжсэн Наранбаатар багшдаа баярлалаа. Шигшээ багтаа, баг хамт олондоо баярлалаа. Алдар спорт хороо, Аваргууд академидаа баярлалаа. Гэр бүлдээ баярлалаа. Энэ олон жил намайг дэмжиж ирсэн Батзул компанийн захирал Батсайхан ахдаа баярлаж явдаг шүү гэдгээ бас хэлмээр байна.
Төлөвлөгөөгөө хоёр багштайгаа цуг эрт боловсруулчихсан байсан. Өнгөрсөн жил олимп дээр крестний хамгаалалт дээр ерөөсөө ажиллаагүй. Түүнээс болж олимпын медалиа алдсан. Энэ жил түүн дээрээ ажилласныхаа үр дүнг сая хүртлээ гэж бодож байна. Дэлхийн аваргын хүрэл медаль гэдэг мэдээж хүчтэй өрсөлдөгчтэй л таарна. Байдаг бүхнээ шавхан хүч үзлээ. Энэ олон хоног ажлаа хойш нь тавиад, нойроо хойш нь тавиад биднийг дэмжсэн, бөхөө хайртай монголынхоо ард түмэнд баярлалаа. Манай баг тамирчид чадах чадахаараа, өөр өөрсдийнхөөрөө хичээсэн. Итгэлийг нь алдалгүй арвин их медальтайгаар тэмцээнээ дуусгалаа гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа” гэв.