“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо болно.
Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдыг Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал ахалж буй. Түүний хувьд Азийн залуучуудын 3 дахь удаагийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдаа Төрийн ордонд хүлээн авч амжилт хүсэв. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, ССАЖЗЯ-ы сайд Ч.Ундрам, МҮОХ-ны ерөнхий нарийн Э.Бадар-Ууган, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон спорт холбоодын удирдлага, тамирчид, дасгалжуулагчид оролцов. Монголын багийн ахлагч Н.Учрал баг тамирчдад амжилт хүсэж, тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, наадамд оролцож буй бүх баг тамирчдыг 361 брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангасан Монголын үндэсний олимпын хороонд талархал илэрхийллээ.
Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулагдаж буй тус наадамд 45 орны 4000 гаруй тамирчин өрсөлдөх бол Монгол Улсаас спортын 20 төрөлд 135 тамирчин өрсөлдөнө.