Хошууч генерал Ядмаагийн Чойжамц агсны нэрэмжит өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн гардан тулааны өөрийгөө хамгаалах төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2025.11.08/ эхэлсэн.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ҮБХИС-ын Сургалт эрхэлсэн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, Олон Улсын гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Монголын гардан тулааны холбооны үүсгэн байгуулагч, Ардын багш, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа тэргүүтэй эрхмүүд болон хошууч генерал Я.Чойжамц агсны гэргий, үр хүүхдүүд оролцлоо.
Тэмцээн өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд явагдах бөгөөд 13 байгууллагын 150 гаруй тамирчид хоёр өдрийн турш тулааны болон бие хамгаалах ур чадвар гэсэн хоёр төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.
Хошууч генерал Я.Чоймжамц нь батлан хамгаалах салбарт 44 жил тасралтгүй хүчин зүтгэх хугацаандаа салаа, ротын захирагчаас төрийн захиргааны төв байгууллагад газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл шат дараалсан албан тушаалуудыг хашиж, Батлан хамгаалах салбарын шинэчлэлтийн үйл явцыг удирдан чиглүүлж, Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны үндэс суурийг тавин бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэр зүтгэлтэн юм. Түүний энэхүү хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 1996 онд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалаар Монгол Улсын 132 дахь генерал цолыг хүртэж байжээ.

|
Эх сурвалж
| Соёмбо редакц
|
АДМИН







Спорт







