Сумын цолтон залуу бөхчүүдийн 129 дэх удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, хүч бяр, авхаалж самбаа сорин барилдсанаас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, "Эв Монгол" клуб, "Загварлаг шоп" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Өсөхбаяр түрүүлж, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Завхан Даян" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Дондовын Нямдаваа үзүүрлэв.
Гуравт Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, сумын баяр наадмын 4 түрүүтэй заан Д.Мягмаржав, тавд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Идэрийн цуурай" дэвжээний бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Б.Ган-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Алдар" спорт хороо, ҮБХИС, "Ви Эм Си Холдинг" ХХК-ний бөх, сумын заан Д.Бямба-Эрдэнэ нар шалгарлаа.
Есөд Баянхонгорын заан З.Анхбаяр, Баян-Өлгийн заан Х.Гасырбек, Өвөрхангайн заан Д.Сундуй, Булганы заан О.Пүрэвдэлгэр нар үлдэв.
Янжка'с Терафи ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Увс аймгийн Хяргас сумын заан Д.Мөнх-Отгонд олголоо. Мөн "Өв соёлоо эрхэмлэгч" шагналыг цаашид тогтмол олгохоор болсон бөгөөд барилдааны жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байхаар шийдвэрлэжээ. Эхний шагналыг ерөнхий хөлийн цэц, улсын начин Д.Цогзолдоржид гардуулсан юм.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Төв аймгийн Батсүмбэр сумын заан М.Өсөхбаярт олгов.
Дараагийн барилдаан 11-р сарын 26-ны өдөр Улс тунхагласны баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
АДМИН








Спорт









