Монголын пауэрлифтингийн холбоо өнөөдөр мэдээлэл хийж, пауэрлифтингийн тамирчид допинг хэрэглэдэг гэх худал мэдээллийг С.Минжбаатар тараасан гэж мэдэгдлээ. Үүнээс болж холбоо болон удирдлагууд руу дарамт шахалт нэмэгдсэн байна.
Тэдний хэлснээр, Румынд болсон пауэрлифтингийн дэлхийн аваргад Монголын баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хоёр мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилт гаргасан. Эмэгтэйчүүдийн -84 кг жинд ОУХМ С.Мөнхзул, эрэгтэйчүүдийн -120 кг жинд ОУХМ Т.Сайфолла нар тус бүр мөнгөн медаль авч, Монголын баг анх удаа хоёр медальтай иржээ.
Холбоо сүүлийн үед цахимд тархаж буй ташаа мэдээллийг үгүйсгэлээ. Тухайлбал, Б.Маралыг тэмцээнд явуулаагүй гэх мэдээлэл худал бөгөөд түүний дасгалжуулагч С.Минжбаатар нь 7 жилийн сэргээшийн хоригтой байсан нь олон улсын байгууллагын анхааралд өртсөн, мөн Б.Марал улсын аваргад 2-р байр эзэлсэн тул дэлхийн аваргад оролцох эрхгүй байжээ. Энэ асуудлуудаас үүдэн сахилгын хороо түүний эрхийг хоёр жилээр хассан байна.
Хориотой бодис хэрэглэсэн тамирчид өөрсдийгөө буруутгаж, холбоог буруутган худал мэдээлэл тарааж, удирдлагыг дарамтлах явдал гарчээ. Нэг тамирчин бүр гартаа хутга барин сүрдүүлсэн тохиолдол хүртэл байсан. Допинг илэрсэн бол тамирчин өөрөө хариуцлагаа хүлээх ёстой бөгөөд энэ бол дэлхийн нийтлэг журам юм. Мөн "Монголын бүх тамирчид допинг хэрэглэдэг" гэх ташаа мэдээллээс болж Румынд оролцсон зургаан тамирчнаас бүгдийг онцгойлон шинжилжээ.
Б.АМАРТҮВШИН








Спорт





