Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Монголын үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны 12 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд болох “Азийн залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцлээ.
ССАЖЗЯ болон БТСУХ-ны зүгээс Үндэсний шигшээ багт харьяалалтай зарим пара спортын тамирчдын зардлыг шийдвэрлэн өгч, П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг” ХХК нийт баг тамирчдын зардалд зохих санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Түүнчлэн наадамд оролцох өсвөрийн баг тамирчдад ГБХНХЯ, ХГБХХЕГ болон Хүүхдийн төлөө сан, МҮОХ-ноос зохих дэмжлэгийг үзүүлжээ.
“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Монголын баг тамирчид пара хөнгөн атлетикийн төрөлд 12, пара бочигийн спортод 5, пара пауэрлифтингийн өргөлтөд 1 нийт 18 тамирчин, 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс гэсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Манай улсын гурван спортын төрлийн баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн нар, U17 насны ангилалд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм. Харин пара бочигийн U22 насны ангилалд Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө. Харин пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд оролцохоор болсон.
АДМИН







Спорт








