“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдахад 25 хоног үлдлээ.
Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт, Цанын холбооны төлөөлөл болон хэвлэл мэдээллийн баг оролцов.
Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх тус наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох гэж байна. Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Номин ажиллах юм.
Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд 2 дугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.
АДМИН








Спорт







