Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар зүйлд “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүллээ.
Сорьц цуглуулах ажиллагааг Допингийн хяналтын ажилтны хоёр өдрийн сертификаттай сургалтад хамрагдсан, тухайн аймаг, дүүргээс томилогдсон цагдаа, тагнуулын байгууллага болон Нэгдсэн эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн бөгөөд сорьцуудыг тухайн өдөр нь Улаанбаатар хот дахь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МҮДЭБ)-д зориулалтын температур хадгалах, лацтай тээврийн сав ашиглан хүргүүлсэн.
Сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны, 7 дугаар сарын 13-ны болон 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
WADA-гаас итгэмжлэгдсэн лабораториос гаргасан шинжилгээний хариуг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ) болон Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-д нэгэн зэрэг албан ёсны цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагааг МҮДЭБ хэрэгжүүлсэн болно.
МҮДЭБ нь WADA-гаас итгэмжлэгдсэн лабораториос ирсэн шинжилгээний үр дүнд үндэслэн үр дүнгийн удирдлагын (results management) ажиллагааг хэрэгжүүлж, Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж, дүрэмд заасан үүргээ биелүүлж байна.
Үүнтэй холбогдуулан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасны дагуу тэмцээний үеэр допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс хууль, дүрмийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН







Спорт






