Сүүлийн өдрүүдэд Шинжилгээний бүртгэлийн сан (RTP), Whereabouts буюу байршлын мэдээлэл, үндэсний бөхийн Дархан аваргатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Үүнтэй холбогдуулан допингийн эсрэг байгууллагаас албан ёсны тайлбар өглөө.
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуульд зааснаар албан ёсны тэмцээн уралдаанд оролцож буй этгээдийг спортын төрлөөс үл хамааран “тамирчин” гэж үздэг бөгөөд олимпын, олимпын бус, уламжлалт спортын тамирчид допингийн эсрэг дүрэмд адил тэгш хамрагддаг.
RTP буюу Шинжилгээний бүртгэлийн сан нь тухайн спортын төрлөөрөө өндөр амжилт үзүүлж, идэвхтэй өрсөлдөж буй тамирчдаас бүрддэг бөгөөд энэ нь шийтгэл, сэжиг биш гэдгийг албаныхан онцоллоо. Уг зохицуулалт нь Засгийн газрын 376 дугаар тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд үндэслэдэг.
RTP-д хамрагдсан тамирчдаас урьдчилан мэдэгдэлгүй шинжилгээ авахын тулд байршлын хязгаарлагдмал мэдээлэл авдаг. Тамирчид өөрсдөө өдөрт нэг удаагийн 60 минутын “цагийн цонх”-оо ADAMS системд бүртгэдэг бөгөөд энэ нь хяналт, тагналт бус, шинжилгээний зориулалттай, нууц мэдээлэл юм.
Допингийн хяналтын шинжилгээний дийлэнхийг тэмцээний бус үед авдаг нь олон улсын жишиг. Манай улсад ч нийт шинжилгээний 60 гаруй хувь нь тэмцээний бус үед хийгддэг бөгөөд өнгөрсөн жил ийм шинжилгээгээр үндэсний бөхийн 14 тамирчин илэрсэн байна.
2026 оны байдлаар 12 төрлийн спортын 29 тамирчин RTP-д хамрагдсаны дөрөв нь үндэсний бөхийн тамирчид бөгөөд Дархан аваргаас бусад 28 тамирчин дүрмийн дагуу хамтран ажиллажээ. Харин Дархан аварга зөвхөн баяр наадмын үеэр шинжилгээ өгөх байр суурь илэрхийлсэн нь дүрэмтэй зөрчилдөж байгаа гэв.
Мөн Дархан аваргыг RTP, ADAMS системд тухайн байгууллага дангаараа бүртгэсэн гэх ойлголт үндэслэлгүй бөгөөд тэрбээр жудо, самбо, сонирхогчдын сумо зэрэг төрлөөр олон улсын тэмцээнд оролцож байсан тамирчин гэжээ.
“Зөвшөөрөлгүй орсон” гэх мэдээлэл худал бөгөөд шинжилгээг тамирчны өөрийн өгсөн байршлын мэдээллийн дагуу, дүрмийн хүрээнд авсан байна. Маргаан дагуулсан имэйл нь ADAMS системээс автоматаар илгээгддэг стандарт мэдэгдэл аж.
Албаныхан допингийн эсрэг үйл ажиллагаа нь хэн нэгнийг онилох бус, шударга өрсөлдөөн, бодит хяналтыг хангах зорилготой гэсэн юм.
Б.АМАРТҮВШИН








Спорт








