Dark Light
Спорт | 2026-01-23

С.ЗҮЧИ: АВАРГЫГ ДҮРМЭЭС ГАДУУР БАЙЛГАЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

 Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын гадаад харилцааны хэлтсийн захирал С.Зүчитэй ярилцлаа.

-Дархан аваргаас нийт хэдэн удаа допингийн шинжилгээ авсан бэ?
-Өнгөрсөн жил Дархан аваргаас нийт гурван удаа шинжилгээ авсан. Үүнээс нэг нь наадмын үеэр, тэмцээний явцад авсан шинжилгээ. Харин тэмцээний бус үеийн буюу явцын шинжилгээг хоёр удаа авсан. Зарим ярианд “дөрвөн удаа” гэж яригдаад байгаа ч бодит байдал дээр тийм биш. Түүнээс өмнөх жил хоёр удаа, түүнээс өмнөх жил нэг удаа шинжилгээ өгсөн байдаг.

-Түүний гэрт нь урьдчилж мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй орсон гэх яриа гарсан. Энэ үнэн үү?
-Тийм зүйл огт байхгүй. Дархан аваргын гэрт зөвшөөрөлгүй орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Манай ажилтнууд ч тийм “том биетэй” хүмүүс биш. Магадгүй аварга өөрөө дэгсдүүлж хэлсэн байж болох юм.
Ер нь допингийн шинжилгээг бид хоёр үндсэн хэлбэрээр авдаг. Нэгдүгээрт, тэмцээний үеийн шинжилгээ. Энэ үед медаль хүртсэн эхний гурван байр, эсвэл шөвгийн дөрөвт шалгарсан тамирчдаас шинжилгээ авдаг. Хоёрдугаарт, тэмцээний бус үеийн буюу явцын шинжилгээ.

Тэмцээний бус үеийн шинжилгээ авах шалтгаан нь тодорхой. Тамирчид тэмцээний үед шинжилгээ авна гэдгээ мэдэж байдаг. Харин зарим тохиолдолд тэмцээнээс тэмцээний хооронд хориотой бодис хэрэглээд, тухайн тэмцээний өмнө “цэвэрлэчихсэн” байх эрсдэл бий. Иймээс дэлхий нийтээрээ зөвхөн нэг тэмцээний шинжилгээгээр үнэлэх биш, тогтмол явцын шинжилгээ хийдэг.

Энэ нь Монгол Улсын дүрэм, Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын тухай хуульд ч тодорхой заасан байдаг.

-Дархан аваргын хувьд сэжигтэй гэж үзсэн учраас ингэж ойр ойрхон шинжилгээ авсан юм уу?
-Үгүй. Сэжиглэсэндээ биш. Дархан аварга бол үндэсний бөхийн хамгийн өндөр амжилттай, элит түвшний тамирчин. Манай үндсэн дүрэмд зааснаар олон улсын болон үндэсний хэмжээнд элит түвшний тамирчдыг RTP буюу тусгай бүртгэлийн санд оруулдаг.

Энэ сангийн хүрээнд тухайн тамирчин байршлын мэдээллээ өгдөг. “Шинжилгээ авна, гэхдээ яг хэзээ гэдгийг урьдчилж хэлэхгүй” гэсэн зарчмаар тухайн өдөр өөрийн боломжит нэг цагийн цонхоо системд оруулна. Өнгөрсөн жил Дархан аварга ч мөн энэ системийн дагуу өөрөө мэдээллээ өгч, заасан цагт нь очоод шинжилгээ авсан.

-Дархан аваргын хувийн байр суурь ямар байсан бэ?
-Аварга “наадам, цагаан сараар шинжилгээ өгөөд байя, бусад үед нь өгөхгүй баймаар байна” гэсэн утгатай байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ энэ дүрэм ганц аваргад зориулсан зүйл биш, бүх элит тамирчдад ижил үйлчилдэг. Тиймээс хэн нэгнийг дүрмээс гадуур үлдээх боломж байхгүй.

-RTP, ADAMS зэрэг системд танай байгууллага өөрсдөө тамирчдыг бүртгэдэг үү?
-Үгүй. Одоогийн байдлаар RTP санд Монгол Улсаас нийт 29 тамирчин бүртгэлтэй байна. Жүдо, самбо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, пауэрлифтинг, бодибилдинг, үндэсний бөх зэрэг 12 төрлийн спортын тамирчид бий. Үүнээс үндэсний бөхөөс дөрвөн тамирчин байна.

Эдгээр 29 тамирчнаас 28 нь байршлын мэдээллээ тогтмол өгөөд явж байгаа. Харин нэг тамирчин одоогоор мэдээллээ оруулаагүй байна. Манай дүрэмд байршлын мэдээллээ өгөхгүй бол зөрчил үүснэ гэдгийг тодорхой заасан.

-Ер нь мэргэжлийн өндөр түвшний тамирчдаас жилд дунджаар хэдэн удаа шинжилгээ авдаг вэ?
-Тамирчны амжилт, оролцож буй тэмцээний тооноос шалтгаална. Өнгөрсөн жил зарим үндэсний бөхийн тамирчнаас 4–6 удаа шинжилгээ авсан тохиолдол бий. Харин олон улсын тамирчдын хувьд илүү олон. Жишээлбэл, паралимп, олимпын аварга Содномпэлжээгээс сард нэг удаа, жилд 12–13 удаа шинжилгээ авсан.

Энд “олон” эсвэл “цөөн” гэсэн ойлголт байхгүй. Олон улсын байгууллагуудын шаардлагын дагуу л шинжилгээ хийгддэг.

-RTP сангийн талаар товч тайлбарлавал?
-2022 онд Засгийн газар допингийн эсрэг үндсэн дүрмийг баталсан. Цэвэр, шударга спортыг хамгаалах үүднээс элит түвшний тамирчдаас тэмцээний бус үед урьдчилж мэдэгдэлгүй шинжилгээ авах заалт орсон. Энэ нь бүх оронд мөрдөгддөг олон улсын стандарт.

-Тэмцээний бус үеийн шинжилгээ маргаан дагуулдаг уу?
-Ер нь тамирчид зохион байгуулалтад орчихсон байдаг. Бид тухайн өдрийнх нь ердөө нэг цагийн байршлыг л асуудаг. 24 цагийн турш хянадаг зүйл огт биш. Гэрт нь, бэлтгэлийн зааланд нь, эсвэл өөр тохирсон газарт шинжилгээ өгөх боломжтой.

-Маргаан дагуулсан и-мэйл, мэдэгдлийн талаар?
-RTP санд оруулах асуудлыг олон улсын холбоод, WADA-тай хамтран шийддэг. Санд орсон тамирчин тухайн жилдээ хамгийн багадаа 4, дээд тал нь 8 удаагийн шинжилгээ өгөх үүрэгтэй болдог. Санд бүртгэгдмэгц нэр нь ADAMS системд автоматаар орж, мэдээлэл өгөөгүй тохиолдолд сануулга и-мэйл очдог.

Тухайн и-мэйлүүдийн хэл найруулга олон улсын стандартын дагуу хатуу сонсогддог. Бид энэ орчуулгыг арай зөөлрүүлэх талаар WADA-д саналаа өгсөн. Учир нь систем автоматаар орчуулж илгээдэг тул Монгол хэлэнд хэтэрхий хурц, ойлгомжгүй сонсогдож байгаа тал бий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07