ОХУ-д зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бөхийн тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
76 кг-ын жинд ХАНТАЙШИР дэвжээний тамирчин Таравын Түвшинжаргал гайхалтай барилдаан үзүүлэн аваргын алтан медаль хүртэж ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ олон улсын түвшинд дахин харуулж чадлаа. Тус жинд өрсөлдсөн Хангай Хайрхан дэвжээний тамирчин Г.Уртнасан хүрэл медаль хүртэв.
68 кг-ын жинд Төв аймгийн “Арж” клубийн тамирчин Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол, 57 кг-д үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан, 53 кг-д Б.Отгонтуяа нар амжилттай оролцож тус тус хүрэл медаль хүртлээ.
Мөн 72 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин З.Болортунгалаг мөнгөн медаль хүртэж хашир туршлагатай тамирчин гэдгээ батлан харууллаа. Энэ удаагийн тэмцээний онцлох амжилт нь 57 кг-ын жинд түрүүлж, 27 жилийн дараа Иван Ярыгиний тэмцээний алтан медалийг дахин эх орондоо авчирсан үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр тэмцээний "ШИЛДЭГ" тамирчнаар тодорч, Монголын чөлөөт бөхийн түүхэнд дахин нэгэн бахархалт хуудсыг нээлээ.
Энэхүү амжилтууд тамирчдын уйгагүй хөдөлмөр, дасгалжуулагчдын нөр их хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм.
Тэмцээний шүүгчээр монгол улсаа төлөөлөн ОУ-ын шүүгч Э.Золжаргал Б.Төмөрбаатар нар амжилттай оролцлоо.
АДМИН







Спорт








