Dark Light
Спорт | 2026-02-08

АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ ШВЕЙЦАРИЙН ТАМИРЧИН ХҮРТЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Италид болж буй өвлийн XXV Олимпын наадмын анхны алтан медалийг Швейцарын уулын цанын тамирчин, 24 настай Франьо фон Алльмен хурдан уруудалтын эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлж авчээ. Тэрбээр цагтаа 145 км хурдтай “Стельвио” замыг 1 минут 51.61 секундэд туулснаар Италийн тамирчид Жованни Франзони, Доминик Парис нарыг ардаа үлдээжээ. Алтан медалийн араас Швед, Италийн тамирчид медалийн эзэд болжээ.

Эмэгтэйчүүдийн скиатлон төрөлд Шведийн тамирчин Фрида Карлссон алтан медалийг хүртэж, наадмын хоёр дахь алтан медалийн эзэн болов. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Эбба Андерссон, хүрэл медалийг Норвегийн скиатлонч Хейди Венг хүртжээ.

Итали улсын хувьд анхны алтан медалийг Франческа Лоллобрижида авчирлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн 3000 метрийн тэшүүрийн уралдаанд 3 минут 54.28 секундийн амжилтаар олимпын шинэ рекорд тогтоосон байна. Мөнгөн медалийг Норвегийн Рагне Виклунд, хүрэл медалийг Канадын Валери Мальте хүртжээ. Лоллобрижидагийн хувьд энэ нь олимпын наадмаас хүртсэн анхны алтан медаль бөгөөд 2022 оны Бээжингийн олимпоос авсан мөнгө, хүрлийн дараах гурав дахь медаль юм. Олон улсын олимпын хорооноос мэдээлснээр, эмэгтэйчүүдийн тэшүүрийн төрөлд Итали улс анх удаа алтан медаль хүртжээ.

Төвийг сахисан тамирчны статустай оролцож буй Оросын Ксения Коржова эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд 12-р байр, Беларусийн Марина Зуева 15-р байрт оржээ.

Цанын трамплинаас харайх төрөлд Норвегийн тамирчин Анна Одине Стрём алтан медаль хүртлээ. Сүүлийн харайлтаараа 130.4 оноо авч, нийлбэр дүнгээрээ 267.3 оноо цуглуулсан байна. Мөнгөн медалийг Словакийн Ника Превц (266.2), хүрэл медалийг Японы Нодзоми Маруяма (261.8) хүртжээ.

Эрэгтэйчүүдийн сноубордын тэмцээнд Японы тамирчид хоёр медаль хүртсэн байна. Кира Кимура 179.5 оноо аван алтан медаль хүртсэн бол Рема Кимата мөнгөн медалийн эзэн болов. Харин биг-эйр төрлийн аварга, БНХАУ-ын Йимин Су хүрэл медаль хүртжээ.

Бямба гарагт керлингийн урьдчилсан шат, эмэгтэйчүүдийн хоккейн хэсгийн тоглолтууд болон эрэгтэйчүүдийн чарганы уралдаан амжилттай болж өнгөрсөн байна.

Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Швед Италийн багийг 6:1-ээр илт давуу ялсан бол Германы шигшээ баг Японыг 5:2-оор буулган авч, Миланд болж буй Олимпод анхны хожлоо авлаа. АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Финландыг 5:0-ээр ялжээ.

Өвлийн XXV Олимпын наадам Италийн Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад үргэлжилж байгаа бөгөөд ням гарагт найман багц медалийн эзэд тодрох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07