NBA-ийн дөрвөн удаагийн бүх оддын тоглогч, олимп, дэлхийн аварга, Демаркус Казинс Монголд ирлээ.
Демаркус Казинс:
“Би Cэлэнгэ Бодонс багийн тоглолтуудыг байнга хардаг. Сүүлийн сайн тоглож, тоглолтууд нь улам бүр сайжирч байгаа. Jay Scrubb багт нэмэгдсэн нь манай багийн түвшнийг илт дээшлүүлсэн. Тэр бол миний дүү шиг хүн, бидэнд хамтдаа өнгөрүүлсэн түүх бий. Би Los Angeles Clippers-т байхад тэр миний шинэ тоглогч (rookie) болж, бид хамт тоглож байсан. Тэндээс бид хоёрын харилцаа үүссэн, одоо харин хувь заяаны эргэлтээр Монголд дахин нэг багт хамт тоглож байна.
Мэдээж өнгөрсөн жил бидэнтэй хамт плей-оффт амжилттай тоглосон залуус байгаа. Гэхдээ бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Шинэ залуусыг таньж мэдэх, тэд намайг ойлгож авах боломж гарч байгаад баяртай байна. Энэ долоо хоногийн бэлтгэлээр бүгд нэг хэмнэлд орж, бие биеийнхээ тоглолтын хэв маяг, давуу тал, зуршлыг ойлгож авах нь чухал. Багтайгаа нэгдэхдээ маш их догдолж байна.
Өмнө нь хэлсэнчлэн, тэд сүүлийн үед маш өндөр түвшинд тоглож байгаа. Би ирээд зүгээр л тэр хэмнэлийн нэг хэсэг болж, багтаа хожлыг үргэлжлүүлэхэд туслахыг хүсэж байна.
Өнгөрсөн жил бид амжилттай плей-оффын тоглолт хийсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Эхэндээ олон хүн биднийг дутуу үнэлсэн ч бид орж ирээд гайхшируулсан. Тэр эрч хүчийг энэ баг үргэлжлүүлж, улам сайжирч байна. Тоглогчид өнгөрсөн плей-оффоос туршлага хуримтлуулж, илүү сайжирсан. Тиймээс дараагийн плей-оффт илүү туршлагатай оролцох нь хамгийн том зүйл.
Би эдгээр залуустай талбай дээр гарч, өөрсдийгөө хязгаар хүртэл нь шахаж, эцэст нь аварга авахыг хүсэж байна. Би энэ тоглоомд одоо ч хайртай, өндөр түвшинд тоглохыг хүсдэг. Гэхдээ би одоо 35 настай, нас явж байна. Зодог тайлах цаг ойртож байгаа. Яг хэзээ гэдгийг мэдэхгүй ч ойрхон байгаа байх” гэлээ.
Б.ЭНХЗАЯА







Спорт








