Dark Light
Спорт | 2026-03-31

КИМХЭ ХОТЫН СПОРТ ЦОГЦОЛБОРТ ХАВРЫН БЭЛТГЭЛЭЭ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Үндэсний Пара Хөнгөн Атлетикийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батдорж, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Махашири болон шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер П.Энхманлай, Спортын мастер Т.Мядагмаа, Ч.Бат-Отгон, Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ, Б.Гармаабазар нарын бүрэлдэхүүн БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Кимхэ хотын спорт цогцолборт хаврын бэлтгэлдээ ороод байна. 

Өнгөрсөн жилийн бэлтгэлийн үр дүнд Дэлхийн болон Азийн наадмуудад тамирчид амжилттай оролцсон. Үүний дагуу хоёр дахь жилийн бэлтгэлийг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлээд байна. Энэхүү хаврын бэлтгэлийн дараа тавдугаар сард Швейцар улсын Нотвил хотноо зохион байгуулагдах Дэлхийн гран-при, Азийн наадмын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэж буй юм.

МҮПХАХ-ны шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн талбайд Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа шигшээ багийн багш, дасгалжуулагчидтай уулзан бэлтгэлийн байдалтай танилцан ойрын хугацаанд нэмэлтээр шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцлоо. 

Консулын зүгээс цаашид бусад спортын төрлийн шигшээ багийн тамирчдыг мөн адил дэмжин ажиллахаа илэрхийлж, тамирчдад цаашдын тэмцээнүүдэд амжилт хүсэж, бэлтгэл хийх хугацаанд хэрэгцээт бүхий л асуудалд туслан ажиллахаа илэрхийллээ.


Эх сурвалж | Пусан хотод суугаа Консулын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22