Монголын чөлөөт бөхийн холбоо 2028 оны олимпын циклд шинэчилсэн бодлого, тамирчдын цогц хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Монголын спортын сэтгэл судлаачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид Монголын чөлөөт бөхийн холбооны спортын сэтгэл зүйчээр Н.Рэнжмаа ажиллахаар болсноор шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл, тэмцээний үеийн төвлөрөл, дарамт даван туулах чадварыг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.
Санамж бичиг үзэглэх уулзалтад Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, Ерөнхий менежер Б.Энхбаяр, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Энхбилэг, спортын сэтгэл зүйч Н.Рэнжмаа нар оролцон, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, тамирчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодит ажлуудын талаар санал солилцлоо.
Энэхүү түншлэл нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимп, дэлхийн дэвжээнд гаргах амжилтыг шинжлэх ухаан, мэргэжлийн дэмжлэгээр бататгах, 2028 оны олимпын циклд өндөр үр дүнтэй бэлтгэл хангах стратегийн чухал эхлэл болж байна.
АДМИН







Спорт





