Dark Light
Спорт | 2026-04-15

МУГД Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ БОКСЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ёндонгийн Төмөрбатаа багшийн нэрэмжит 7 дахь удаагийн Боксын Олон Улсын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Боксын спортын анхны Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Ардын багш, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ёндонгийн Төмөрбатаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, “Бээжин 2008” зуны олимпын наадмын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба, Монгол Улсын Гавьяат тамирчин, Азийн наадмын анхны аварга, Ази тивийн аварга, зуны олимпын “Рио-2016” наадмын хүрэл, 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай, Дэлхийн аваргын анхны мөнгө, дэлхийн аваргын анхны хос медальт, Олон Улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг, Дорнод аймгийн Боксын холбооны тэргүүн С.Батмөнх нар болон холбогдох албаны хүмүүс, багш, дасгалжуулагчид, тамирчид оролцлоо.
Энэхүү нэрэмжит тэмцээний хүндтэй эрхэм Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын (ОХУ) Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгсөж, Улаанбаатар төмөр замын “Замчин” нийгэмлэгт хөл бөмбөгийн тамирчин, Монгол Улсын Боксын шигшээ багт тамирчнаар гараагаа эхлүүлж, 8 жил ажиллаад 1983 онд Дорнод аймагт томилогдон ирж, өнөөг хүртэл ажиллаж, амьдарч, бүс, улс, тив, дэлхий, олимпын наадмын медальтай тамирчдыг төрүүлж, аймаг, орон нутагтаа боксын спортын хөгжүүлэхийн төлөө бүхий л зүрх, сэтгэл, ажил, амьдралаа зориулж яваа юм.
Ё.Төмөрбатаа багшийн бэлтгэсэн шавь нараас улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, шагналт байранд шалгарсан өндөр чансаатай тамирчид болох Азийн наадмын анхны аварга, Ази тивийн аварга, зуны олимпын “Рио-2016” наадмын хүрэл, 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай, Дэлхийн аваргын анхны мөнгө, дэлхийн аваргын анхны хос медальт, Олон Улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг тэргүүтэй шилдэг боксчид олноор төрөн гарсан билээ.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ё.Төмөрбатаа багшийн нэрэмжит Боксын Олон Улсын тэмцээнийг анх 2007 онд аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга асан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Р.Зоригтбаатарын санаачилгаар зохион байгуулж, хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ, Монгол Улсын аймаг, хотуудаас 14 баг, клубийн тамирчид 12 ангиллаар хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байсан бол дараа, дараачийн тэмцээнээс оролцогчдын тоо, тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж, өнөөдөр 7 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын аймаг, хотуудын баг, клубуудын 100 гаруй тамирчид, 19 жингийн ангилалд оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22