Үндэсний бөхийн “Алтан цом” тэмцээний гуравдугаар байрын төлөөх барилдаан ширүүн өрсөлдөөн дунд болж, Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багийг 14:11-ийн харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн боллоо.
Харин тэмцээний тэргүүн байрын төлөөх шийдвэрлэх барилдаан өнөөдөр 14:30 цагаас Монгол бөхийн өргөө-нд болох гэж байна. Энэхүү барилдаанд Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “М-Си-Эс Энержи” баг болон Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл” багууд хүч сорих юм.
Сануулахад, хагас шигшээ шатанд “М-Си-Эс Энержи” баг “Хамаг Монгол” багийг 15:10-аар буулган авсан бол “Хатант интернэйшнл” баг “АПУ Скайтел”-ийг мөн 15:10-ын харьцаагаар ялж, аваргын төлөө шалгараад байгаа билээ.
Тус тэмцээний шагналын сан энэ жил 1.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өрсөлдөөнийг улам ширүүсүүлж байна.
Б.АМАРТҮВШИН







Спорт





