Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга С.Бямбацогт-д өргөн мэдүүллээ. Уг төслийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ.
Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал үндэсний бөхийн цол олголтод томоохон өөрчлөлт орох боломжтой болж байна. Тухайлбал, улсын аварга Д.Сумъяабазар, П.Бүрэнтөгс, О.Хангай нар даян аварга цол хүртэх, харин улсын арслан Б.Орхонбаяр аварга цол авах боломж бүрдэх юм.
Одоогийн хүчин төгөлдөр хуулиар 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ой давхацсан үед 1024 бөх барилдуулахаар заасан байдаг. Харин шинэ төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиосон жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэж байхаар тусгажээ.
Мөн тэгш ой, 1024 бөхийн барилдаанд уламжлалт цол олголтын тогтолцоог сэргээх зохицуулалт багтсан байна. Ингэснээр:
-
4 давсан бөхөд начин,
-
5 давсан бөхөд харцага,
-
6 давсан бөхөд заан,
-
7 давсан бөхөд гарди,
-
8 давсан бөхөд арслан,
-
9 давсан бөхөд аварга,
-
10 давсан бөхөд даян аварга цол олгох боломжтой болох аж.
Түүнчлэн байгууллагын ойд 512 болон түүнээс дээш бөх барилдвал улсын цол олгох нөхцөл бүрдэхээр тусгажээ. Мөн аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох зохицуулалтыг хуульд нэмж оруулахаар болсон байна.
Төсөл санаачлагчдын үзэж буйгаар энэхүү өөрчлөлт батлагдсанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхээс гадна үндэсний бахархал, төрт ёс, түүх соёлын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Б.АМАРТҮВШИН








Спорт






