NBA-ийн Houston Rockets баг 2026-2027 оны улирлын өмнө сүүлийн хорь гаруй жилийн хамгийн том брэнд шинэчлэлээ хийж, шинэ өмсгөл, шинэ логонууд болон өнгөний шийдлээ олон нийтэд танилцууллаа.
Шинэчлэлийн хүрээнд багийн домогт "Ketchup & Mustard" буюу улаан-шар өнгө эргэн ирж байгаа нь онцлох өөрчлөлт болж байна. Энэхүү өнгөний хослол нь Rockets багийн 1994, 1995 оны аваргын улирлуудын бэлгэ тэмдэг байсан билээ
Багийн үндсэн "R" логог хадгалсан ч шар өнгийн элементүүдээр баяжуулж шинэчилсэн байна. Мөн NASA-гийн сансрын нислэгийн тэмдгээс санаа авсан гурвалжин хэлбэрийн шинэ глобал логог танилцуулжээ. Түүнчлэн хөгжөөн дэмжигчдийн дунд алдартай болсон "Dunkstronaut" буюу сансрын нисгэгчийн дүрсийг албан ёсны хоёрдогч логогоор баталгаажуулсан байна.
Rockets шинэ улиралд улаан, цагаан, хар гэсэн гурван үндсэн өмсгөл өмсөн тоглохоор болсон бөгөөд загварууддаа пуужин хөөрөх хөдөлгөөн, сансрын сэдэвт дүрслэл, мөн багийн түүхэн өвийг шингээжээ. Тус багийн удирдлагын мэдээлснээр шинэ дүр төрхийг бүтээх ажил гурван жилийн турш үргэлжилсэн байна.
Багийн дэд ерөнхийлөгч Патрик Фертитта "Хөгжөөн дэмжигчид маань эдгээр өнгөтэй онцгой дурсамжаа холбодог гэдгийг бид олон жилийн турш сонссон. Тиймээс өнгөрсөн үеийн бахархал, ирээдүйн үеийн хүсэл тэмүүллийг нэгтгэсэн дүр төрхийг бүтээхийг зорьсон" хэмээн мэдэгджээ.
Ийнхүү Rockets багийн шинэчлэл нь зөвхөн өмсгөл солих төдий бус, аваргын түүхэн өвөө сэргээж, Хьюстон хотын сансар судлалын онцлогтой илүү нягт холбосон шинэ эрин үеийн эхлэл болж байна.








Спорт







