Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 23 дахь удаагийн наадам Мексик хотын домогт Estadio Azteca цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн спортын хамгийн том баяр 39 хоногийн аяллаа эхлүүллээ. Энэ удаагийн ДАШТ нь түүхэндээ анх удаа 48 багийн оролцоотой, АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Нээлтийн ёслолын гол од нь дэлхийн хэмжээний поп од Shakira болон Нигерийн афробит урсгалын төлөөлөл Burna Boy байлаа. Тэд ДАШТ-ий албан ёсны дуу болох "Dai Dai"-г анх удаа амьд тайзнаа дуулж, 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийг хөл дээр нь босгож чадсан байна.
Гэхдээ нээлтийн ёслол зөвхөн хөгжмийн шоу байсангүй. Мексикийн үндэсний соёл, Ацтек иргэншлийн өв уламжлал, орчин үеийн Латин Америкийн урлагийг хослуулсан бүжигчид, гэрлийн шоу, аваргын цомын аварга том дүрслэл үзэгчдийн анхаарлыг татжээ. Мөн J Balvin, Andrea Bocelli болон Мексикийн алдарт уран бүтээлчид тайзнаа гарсан байна.
Түүхэн нэгэн үйл явдал ч энэ өдөр тохиов. Азтека цэнгэлдэх хүрээлэн 1970, 1986 оны ДАШТ-ийг хүлээн авч байсан бол ийнхүү гурав дахь удаагаа дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг зохион байгуулсан анхны цэнгэлдэх боллоо.
Мөн энэ удаагийн ДАШТ-ий бас нэгэн содон онцлог нь нэг бус, гурван нээлтийн ёслол зохион байгуулагдаж буй явдал юм. Мексикт эхэлсэн баярын уур амьсгал Канадын Торонто болон АНУ-ын Лос Анжелест үргэлжилж, дэлхийн аваргын уур амьсгалыг бүх тив даяар түгээж байна.
Харин нээлтийн тоглолтын өмнө Мексик хотын фан бүсэд олон мянган хөгжөөн дэмжигч цугларч, зарим хэсэгт ачаалал үүссэн ч цэнгэлдэх хүрээлэн дотор жинхэнэ баярын уур амьсгал ноёрхжээ.








Спорт






