Маамын Лхагва арслангийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр /2025.04.19/ 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн барилдаан сонирхол татах нэг шалтгаан нь – улсын арслан Э.Оюунболд удаан хугацааны завсарлагааны дараа заал танхимын барилдаанд эргэн ирж, зодоглох гэж буй явдал юм.
Э.Оюунболдын хувьд 2023 онд хоёр дахь удаагаа найман жилээр барилдах эрхээ хасуулсан. Тэрээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, Монголын Олон улсын болон үндэсний спортын арбитрын Допингийн давж заалдах комисст нэхэмжлэл гаргаж, шийтгэл нь үндэслэлгүй хэмээн маргасан байдаг.
2024 оны хоёрдугаар сард Спортын арбитрын комисс түүний нэхэмжлэлийг хэлэлцэж, МҮБХ-ны 69 дүгээр тогтоолд цуцлалт хийжээ. Комисс шийдвэр гаргахдаа допингийн эсрэг дүрэм болон олон улсын стандартыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн бөгөөд барилдах эрх хассан хугацааг 2.4 жил болгон бууруулсан юм.
Ийнхүү олон нийт, бөхийн хорхойтнуудын дунд хүлээлт үүсгээд байсан Э.Оюунболдын эргэн ирэлт өнөөдөр биелэлээ олж, заал дүүрэн алга ташилт, анхаарал татсан барилдаантай өдөр болох төлөвтэй байна.