Украин болон ОХУ-ын онцгой байдлын үеийн сонордуулга хүргэдэг гар утасны аппликейшнүүд шөнөөр цахим халдлагад өртөж, иргэдэд агаарын дайралт болон химийн болон цөмийн зэвсгийн халдлага болох гэж байна гэсэн хуурамч сэрэмжлүүлэг илгээсэн байна. Энэхүү явдал нь АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар Украины өмнөд хэсэгт тогтоосон зургаан хоногийн орон нутгийн гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахтай давхцан гарчээ. Энэ нь 2022 онд Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн урт хугацааны түр зогсолт байсан юм.
Украины олон нийтийн агаарын түгшүүрийн аппликейшн ням гарагийн шөнийн 23:00 цагийн орчимд нийслэл Киев болон бусад бүс нутгуудад цацраг идэвхт болон химийн халдлага нүүрлэсэн, зарим газарт гудамжны тулаан эхлэх эрсдэлтэй гэсэн хуурамч мэдээллийг цацаж эхэлжээ. Хэдэн цагийн дараа ОХУ-ын Онцгой байдлын яам гар утасны аппликейшн нь мөн цахим халдлагад өртөж, олон нийтэд хуурамч сэрэмжлүүлэг хүргэсэн болохыг Москва хотоос ТАСС агентлаг иш татан мэдээлсэн байна. Reuters агентлаг үүнд аль бүлэглэл буруутайг шууд баталгаажуулж чадаагүй бөгөөд шинжээчид бараг таван жил үргэлжилж буй энэхүү дайны үеийн кибер аюулгүй байдлын өмнөх хэргүүдийг хоёр талын идэвхтэн хакерууд болон тагнуулын агентлагуудтай холбон тайлбарлаж байгаа юм.
Украинд ирсэн анхааруулгуудын нэгэнд Орос улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Орешник” пуужинг харвасан бөгөөд цөмийн аюулын дохио зарлагдсан гэж дурдсан байжээ.
Украины Агаарын цэргийн хүчин үүний дараахан Telegram аппликейшнээр дамжуулан мэдэгдэл хийхдээ, анхааруулах систем нь Оросын халдлагад өртсөн бололтой гэж мэдэгдээд, анхааруулгууд орос хэлээр ирснийг онцолжээ. Украинд бүх албан ёсны харилцаа, мэдээлэлд украин хэлийг ашиглах нь хуулиар заавал мөрдөх шаардлагатай байдаг.
"Агаарын довтолгооны сэрэмжлүүлгийн аппликейшн дайсны нөлөөнд автсан бололтой" гэж Агаарын цэргийн хүчин мэдэгдээд, "Цацраг идэвхт бодисын аюул байхгүй! Тайван байж, манай сувгаар дамжуулан хүргэх мэдээллийг дагаарай!" хэмээн уриаллаа.
Украин улс агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн, ялангуяа Оросын баллистик пуужингуудын эсрэг үр дүнтэй хамгаалалт болж буй АНУ-д үйлдвэрлэсэн "Patriot" пуужингуудын ноцтой дутагдалд орчихоод байна. АНУ баасан гарагт Украинд 500 ширхэг "Patriot" пуужин нийлүүлэх 2.1 тэрбум ам.долларын хэлцэл байгуулснаа зарласан хэдий ч, уг шийдвэрийн талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалжийн хэлснээр, эдгээр пуужингууд очиход хэдэн жил ч шаардагдаж болзошгүй ажээ.
Киев хотын гудамжинд оршин суугчид уг хакерын халдлагын анхааруулгыг төдийлөн тоосонгүй.
Бизнес эрхлэгч, 37 настай Артем Пиндык мессежүүдийг хараад эхлээд бага зэрэг гайхсан ч, удалгүй юу болсныг ойлгосон гэж ярьжээ.
"Энэ нь нийгэмд тэдний хүлээж байсан шиг хариу үйлдэл, сандрал үүсгэсэнгүй" гэж хэлсэн Пиндык, өөрийн холбогдож асуусан гэр бүлийн гишүүд болон найз нөхөд нь ч мөн сандраагүй болохыг нэмж дурдлаа.
Түүнчлэн тэрээр үүнийг шоолоод өнгөрч болох ч нөгөө талаараа тэд системд тодорхой түвшний хандалт авч, програмыг хакердаж чадсан байна хэмээн нэмж хэлэв. Пиццаны газарт ажилладаг 48 настай Оксана Вострикова мөн адил энэ явдлыг нэг их тоолгүй өнгөрөөсөн бөгөөд би үүнд маш тайван хандсан, хуурамч зурвас байж магадгүй гэдгийг шууд л ойлгосон, хүн өөрийнхөө төлөө биш хажууд байгаа хүүхдүүдийнхээ төлөө илүү их санаа зовдог юм байна хэмээн хуваалцжээ.
Нөгөө талд Оросын яам өөрийнх нь аппликейшн мөн халдлагад өртсөн гэдгийг мэдэгдсэн юм. Украиныг дэмжигч “Атеш” хакерын бүлэг даваа гарагийн өглөө өөрийн Телеграм сувгаар Орост харагдсан сонордуулга зурвасын дэлгэцийн зургийг нийтэлж Онцгой байдлын яамны аппликейшн хакердууллаа гэсэн зурвас үлдээжээ. Гэвч Москвагийн яам үүний нөлөөллийг багасган тайлбарлаж уг аппликейшн нь олон нийтэд мэдээлэл хүргэх үндсэн суваг биш, зөвхөн нэмэлт мэдээллийн эх сурвалж байсан гэв.
Reuters агентлагийн олж харсан хакеруудын үлдээсэн хуурамч зурвас нь албан ёсны мэдэгдлийг дуурайх гэж огт оролдоогүй бөгөөд ярианы хэллэг, хараалын үгс болон Оросыг доромжилсон үг хэллэгээр дүүрэн байснаас гадна Оросын бүс нутгуудыг намаг гэж нэрлэсэн байжээ. Уг хуурамч зурваст Оросын бүх бүс нутаг руу цөмийн пуужин харвасан тул иргэдийг гурван долоо хоногийн хүнсээ бэлдэж, хоргодох байр болох зоориндоо орохыг зөвлөсөн байна. Оросын яамнаас тэдний мэргэжилтнүүд аппликейшний хэвийн ажиллагааг сэргээхээр ажиллаж байгааг мэдээлээд олон нийтийг тайван байж, зөвхөн албан ёсны эх сурвалж болох Оросын Онцгой байдлын яамны цахим хуудас болон албан ёсны сошиал хаягуудад итгэхийг хүслээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



