АНУ-д энэ удаагийн завсрын сонгуулиар 100 гаруй сая сонгогч саналаа өгч Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн болон Сенатын 35 гишүүнийг сонгохоор хүлээгдэж байна.
Түүхээс үзвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн харьяалагддаг нам завсрын сонгуулиар Конгрессын нэг эсвэл хоёр танхимд хяналтаа алдаж ялагдал хүлээдэг бичигдээгүй хууль байдаг юм
Сүүлийн 88 жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа энэ тренд эсрэгээрээ эргэж байжээ. Ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэл болон гаргасан амжилтууд нь америкчуудын санал өгөх чиг хандлагыг тодорхойлдог бөгөөд Ерөнхийлөгчийн нэр хүнд өндөр байх тусам түүний намын хүлээх ялагдал бага байдаг байна. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хязгаар, Конгрессын хяналтын үүрэг, Ирантай хийж буй дайн, авлига хээл хахууль болон АНУ-ын ардчилсан институтуудын тэсвэртэй байдал зэрэг маш том сэдвүүд үндсэн санал хураалтын хуудсанд бичигдээд байна.
Сонгуулийн үр дүнгээр суудал алдсан тохиолдолд Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуулт олны анхаарлыг татаж байгаа бөгөөд Gallup судалгаанаас үзэхэд түүнийг дэмжих иргэдийн үнэлгээ 39 хувиас доош орж буурсан бол Конгрессыг дэмжих иргэдийн үнэлгээ 16 хувь хүртэл унажээ. Энэхүү уналт нь Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан амлалтууд болох Америкийн зэвсэгт хүчнийг гадаад дахь дайн дажнаас (ялангуяа Ойрхи Дорнод) гаргах, амьжиргааны түвшнийг дээшлүүлж амьжиргааны өртгийг бууруулах, эрүүл мэндийн даатгалын хамралтыг өргөжүүлэх болон татвар танах зэрэг гол амлалтуудаа хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой юм. Хэдийгээр бүгд найрамдахчууд Трампыг дэмждэг ч зарим нэр дэвшигчид түүнээс зайгаа барьж эхэлсэн бөгөөд ялангуяа шатахууны үнэ эрс нэмэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг туйлдаа хүргэж байна. Мөн зарим бүс нутгуудад цагаачид болон дүрвэгсдийг чиглэсэн холбооны цагаачлалын албаны албадан шалгалтууд иргэдийн дунд таагүй уур амьсгал үүсгээд байгаа юм. Үүнээс гадна Трамп өөрийн амлалтаа зөрчин Иран улстай дайн эхлүүлсэнд олон бүгд найрамдахчууд сэтгэл дундуур байгаа бөгөөд энэхүү мөргөлдөөн нь Америкийн үндэсний ашиг сонирхолд огт нийцэхгүй гэж тэд үзэж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын эдийн засгийн өсөлт хоёр хувьд хүрч чадаагүй бөгөөд Трампын үзүүлэлт түүний өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үеийнхээс дээрдэж чадсангүй. Үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тоо буурсаар байгаа бөгөөд инфляцийн түвшин Холбооны нөөцийн банкны зорилтот хоёр хувийн хязгаараас давж 3.4 хувьд хүрээд байна. Трамп импортын татварыг нэмэгдүүлсэн хэдий ч АНУ-ын гадаад худалдааны алдагдал буурсангүй хуучин түвшиндээ буюу 900 тэрбум ам.доллароос давсан хэвээр байна.
Эдийн засагчид Трампын хэрэгжүүлсэн татварын маш том хөнгөлөлтүүд болон батлан хамгаалахын зардлыг 1.5 триллион ам.доллар болгож нэмэгдүүлсэн алхам нь ирэх арван жилд холбооны төсвийн алдагдлыг 3.4 триллион ам.доллароор нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж байгаа бөгөөд АНУ-ын үндэсний өр хэдийнэ 40 триллион ам.долларын босгыг даваад байгаа юм. Энэхүү нөхцөл байдал нь эрүүл мэнд, хүнс, хүүхэд асрах зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор бага болон дунд орлоготой өрхүүдэд маш хүнд тусаж байгаа билээ. Орон сууцны үнэ 35 хувиар өсөж, моргейжийн зээлийн хүү 3.45 хувиас 6.5 хувь хүртэл нэмэгдсэн бөгөөд Ирантай хийж буй дайнаас шалтгаалан хийн үнэ огцом өссөнөөр иргэдийн ахуйн хэрэглээний төлбөрүүд маш өндөр гарч байна. Америкийн сонгогчдыг түгшээж буй өөр нэг асуудал нь хиймэл оюун ухааны хэрэглээ улам өргөжиж, үүнээс үүдэн ажлын байр олноор үгүй болж байгаа явдал юм. Дата төвүүдийн тоо 4700-д хүрсэн бөгөөд дахин 2000 дата төв барихаар төлөвлөж байна. Эдгээр дата төвүүд нь асар их ус болон эрчим хүчийг сорж байгаа нь хэрэглэгчдийн төлбөрийг өсгөхөөс гадна байгаль орчны ноцтой асуудлуудыг дагуулж байна.
Энэ удаагийн 2026 оны АНУ-ын завсрын сонгууль нь Америкийн болон дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй улс төрийн сонгуулийн мөчлөг болж байгаа бөгөөд улс төрийн сурталчилгааны нийт зардал болон урьдчилсан захиалга 11.6 тэрбум ам.долларт хүрэхээр тооцоологджээ. Дээд шүүхээс сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хязгаарлалтыг цуцалснаар бүгд найрамдахчууд томоохон корпорациудтай тогтоосон эртний харилцааныхаа ачаар ардчилсан намаас хандивын хөрөнгө ололтоор маш том давуу талтай болсон юм. OpenSecrets байгууллагын дүн шинжилгээгээр 2026 оны завсрын сонгуульд 12 тэрбум доллар зарцуулагдаж магадгүй байгаа нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн 10 тэрбум долларын зардлаас давж байна. Консерватив бүлгүүд либерал өрсөлдөгчдөөсөө бараг 360 сая доллароор илүү зардал гаргаад байна (1.67 тэрбум долларын эсрэг 2.03 тэрбум доллар).
Сенатын суудлын хувьд Бүгд найрамдах нам 22 суудлаа хамгаалж байгаа бол Ардчилсан нам 12 суудлаа хамгаалж байгаа. Ойролцоогоор арваад тойрогт маш ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд үр дүнг нь урьдчилан тааварлах аргагүй байна. Төлөөлөгчдийн танхимын 46 суудлын төлөөх өрсөлдөөн маш хүчтэй байгаагийн 25 суудлыг нь ардчилсан намынхан, 21 суудлыг нь бүгд найрамдахчууд эзэмшиж байсан юм. Зарим шинжээчид Ардчилсан намыг Төлөөлөгчдийн танхимд хяналтаа эргүүлэн авна, эсвэл Сенатад олонх болно гэж таамаглаж байна. Аль ч үр дүн гарсан Трампын эрх мэдлийг хязгаарлахад хангалттай бөгөөд хэрэв хоёр танхимд хоёуланд нь ялалт байгуулбал Трампыг албан тушаалаас нь огцруулах импичментийн ажиллагааг эхлүүлэх үүд хаалга нээгдэх юм. Үүний тулд ардчилсан намынханд Төлөөлөгчдийн танхимд нэмж тав, Сенатад нэмж дөрвөн суудал шаардлагатай байгаа ч Охайо, Техас, Аяова зэрэг Сенатын хамгийн ширүүн гурван тойрогт ардчилсан намын нэр дэвшигчид маш бага хувиар илүүрхэж байна. Эдгээр мужууд нь уламжлалт бүгд найрамдах намын түшиц газар боловч сонгогчид инфляци, авлига, эрчим хүчний зардал болон шатахууны үнийн өсөлтөд туйлын сэтгэл дундуур байгаа юм.
Татвар болон цагаачлалын асуудал дээр Бүгд найрамдах нам нэр хүндтэй хэвээр байгаа ч амьжиргааны өртгийн хямралд нэрвэгдсэн сонгогчдын хувьд эдгээр сэдвийн ач холбогдол энэ сонгуулиар буураад байна. Техас мужид ардчилсан намын нэр дэвшигч Жеймс Таларико амьжиргааны өртөг хэт өссөн асуудлыг хүчтэй хөндсөнөөр өөрийн өрсөлдөгч бүгд найрамдах намын Кен Пакстоноос бага зэрэг илүүрхэж байна. Гэвч Техасын сонгогчдын 61 хувь нь цагаачлал болон хилийн аюулгүй байдлыг маш чухал асуудал гэж үзэж байгаа бөгөөд энэ тал дээр тэд Пакстонд илүү итгэж байгаа юм. Бүгд найрамдахчууд хэрэв ардчилсан намынхан сонгогдвол татвар нэмнэ гэсэн сэрэмжлүүлэг бүхий сурталчилгаанд сая сая доллар зарцуулсан хэдий ч савлагаатай мужуудын сонгогчид бүгд найрамдахчууд тэрбумтнуудын татварыг хасаж, бусад жирийн иргэдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж байгаад илүү санаа зовж байна. Тиймээс сонгогчид бүгд найрамдах намыг бага татвартай холбон үздэг ч зөвхөн татварын бодлого нь амьжиргааны өртгийн хямралыг шийдэж, эдийн засгийн дарамтыг хөнгөлөхөд хангалтгүй гэж үзжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн байдлаар бараг 44 сая америк сонгогч урьдчилсан санал хураалтаар саналаа өгсөн нь 2022 оны завсрын сонгуулийн мөн үеийнхээс 10 саяар илүү байгаа юм. Маш сонирхолтой нэгэн үйл явдал болсон нь Чикаго хотод төрсөн Ромын Пап лам XIV Лео АНУ-ын ерөнхий сонгуульд саналаа өгсөн анхны хамба лам боллоо. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр тус улсад санал өгөх эрхтэй 250 сая иргэн байгаа нь 2024 оныхос 8.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Цагаан арьст америкчууд сонгогчдын 61 хувийг эзэлж, 46 мужид үндэстний олонх хэвээр байгаа ч тэдний тоо 2022 оны 153 саяас 2026 онд 150 сая болж буурчээ. Үүний зэрэгцээ латин америк гаралтай сонгогчдын тоо 16 хувиар өсөж 39 саяд хүрснээр тус улсын хоёр дахь том сонгогчдын блок болсон бөгөөд тэдний араас өмнөх үеэсээ 6 хувиар өсөж 31 саяд хүрсэн өнгөт арьст америкчууд орж байна. Ази гаралтай сонгогчид 20 хувиар буюу 2.3 саяар нэмэгдэж 13.7 сая хүрснээр дөрөвдүгээр байранд жагсжээ.
Энэ удаагийн сонгуулийн орчин Ардчилсан намынханд маш ашигтай, харин Бүгд найрамдах намынханд туйлын хүнд сорилт болж байгаа харагдана. Ойрхи Дорнодын асуудлаар дэвшилтэт ардчилсан намынхан Израилд үзүүлж буй АНУ-ын цэргийн дэмжлэгийг зогсоохыг уриалж байгаа бөгөөд Мичиган, Миннесота, Флорида мужуудын анхан шатны сунгаанд Израилыг дэмжигч нэр дэвшигчдийг ялсан нь энэхүү уриа иргэдийн дунд хүчтэй байгааг харуулж байна. Эдийн засаг бол Трампын 2024 оны амжилтын гол багана байсан тул инфляцийн өсөлт Бүгд найрамдах намыг дэмжих олон нийтийн дэмжлэгийг эрс буурууллаа. Сонгогчид өдөр тутмын санхүүгийн хүндрэлээс ангид байгаа удирдагчдад бухимдаж байгаа бөгөөд уламжлалт ёсоор Бүгд найрамдах намыг дэмждэг байсан мужуудын иргэд хүртэл энэ удаад Ардчилсан намын төлөө саналаа өгөхөд бэлэн болоод байна.
Бүгд найрамдах засаг захиргааны үе дэх авлигын асуудал мөн завсрын сонгуулийн хувь заяаг тодорхойлох гол сэдэв болон гарч ирснийг судалгаанууд баталж байна. Бүгд найрамдахчууд өөрсдийн санхүүгийн давуу тал болон Трампын урьд нь үнэмлэхүй ялалт байгуулж байсан мужуудын сонгуулийн зураглалд найдаж байсан ч санал хураалтын өдөр ойртох тусам тэдний найдвар бөхөж эхэллээ. Сонгогчид эдийн засгийн хүндрэлд Трампыг буруутгаж байгаа бөгөөд түүний нэр хүнд унахын хэрээр хоосон амлалтууд нь сонгогчдыг татахад хангалтгүй болж, иргэд түүнийг зөвхөн бодит ажлынх нь гүйцэтгэлээр шүүж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



