Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын энэ долоо хоногт хийх уулзалтыг дайны дараах Европын ирээдүйг зурагласан 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж буйг Кремль Даваа гарагт “улс төр судлаачдын зохиосон үлгэр” хэмээн няцаалаа.
Ирэх Пүрэв гарагт Хятадын Шэньжэнь хотноо АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нарын уулзалтыг Дэлхийн хоёрдугаар дайны дараа их гүрнүүдийн нөлөөллийн хүрээг тогтоосон Зөвлөлт, Британи, Америкийн удирдагчдын уулзалттай харьцуулах хандлага гараад байсан юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ийм таамаглалыг эрс үгүйсгэж, уулзалтад оролцогчдын дор хаяж хоёр нь буюу Орос, Хятад хоёр улс бусад үндэстэнд ямар нэгэн шийдвэр тулгадаггүй “олон туйлт дэлхийн дэг журам”-ыг дэмждэг хэмээн мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчдэд хандан “Энэ бол бодит байдалтай ямар ч холбоогүй улс төр судлаачдын тоглоом. Хэн нэгэн дэлхийн хувь заяаг шийдэх гэж байна гэж ярих нь лавтай Орос биш, лавтай Хятад биш. Бид хэн нэгнээр өөрсдийнхөө хувь заяаг шийдүүлэхийг хүсдэггүй шиг бусдын хувь заяаг ч хэзээ ч шийдэхийг оролдохгүй” хэмээн “Интерфакс” агентлагт ярьжээ. Мөн тэрээр удахгүй болох хэлэлцээг “урьд өмнө байгаагүй маш чухал уулзалт” гэж тодорхойлоод, уулзалтын тодорхой хэсэг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байхыг дурдсан байна.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Бээжинд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, энэ нь Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын анхны нүүр тулсан уулзалт болно гэдгийг онцоллоо. Тэрээр хэлэлцэх асуудлын нарийн ширийнийг дурдаагүй ч гурван удирдагчийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулах нь гурван улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



