Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) Монгол Улс дахь санхүүгийн зуучлагчдынхаа хүрээг тэлж, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тус улсын финтек компанид анх удаа санхүүжилт олгохоор боллоо.
Тодруулбал, тус банк бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) болон хэрэглээний зээлийг бүрэн цахим хэлбэрээр олгох чиглэлээр мэргэшсэн Монголын “LendMN” финтек компанид 10 сая хүртэлх ам.доллар (8.6 сая евро)-ын зээл олгох юм.
Энэхүү санхүүжилтийг ЕСБХБ-ны Төв Ази болон Монгол дахь “Бизнес эрхлэгч залуучууд” (Youth in Business) хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа бөгөөд 35-аас доош насны залуучуудын удирддаг, эзэмшдэг бичил, жижиг, дунд бизнесүүдийг дэмжихэд чиглэж байна. Урт хугацаат үндэсний валютын санхүүжилтийг дэмжсэнээр Монгол орон даяарх ЖДҮ эрхлэгчдэд хүртээмжтэй, тогтвортой зээлийн үйлчилгээг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд ЕСБХБ Монгол Улсын олон салбарт нийт 3.2 тэрбум ам.доллар (2.9 тэрбум евро)-ын үнийн дүн бүхий 173 төслийг санхүүжүүлжээ. Тэдний олгосон нийт зээлийн 90 хувь нь хувийн хэвшлийн компаниудад ногдож байгаа нь ЕСБХБ-ыг олон улсын санхүүгийн байгууллагууд дундаас Монголын хувийн хэвшлийн хамгийн том зээлдүүлэгч болгоод байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



