Dark Light
Гадаад | 2026-11-17

УКРАИНЫ ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ В.ПУТИНИЙ БОЛЗОЛ НЬ НАТО-Г 1997 ОНЫ ХИЛ ХЯЗГААР РУУ НЬ УХРААХ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх Пүрэв гарагт Хятадын Шэньжэнь хотноо уулзах гэж байна. Энэ бол АНУ, Хятад, Оросын удирдагчдын анхны гурван талт уулзалт юм.

Засаг захиргааны албаныхан Баасан гарагт Д.Трампыг цөмийн зэвсэг хорогдуулах болон Ираны дайны асуудлыг хэлэлцэж, Украины сэдвээс зайлсхийнэ хэмээн мэдэгдэж байв. Гэвч Даваа гарагт Азийг зорихынхоо өмнө Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан “Бид миний хамгийн дуртай сэдэв болох Украины талаар ярилцана” хэмээн байр сууриа өөрчилжээ. Ингэснээр дайныг дуусгах В.Путиний сүүлийн үеийн шаардлагууд энэ долоо хоногийн гол анхаарлын төвд орлоо.

В.Путиний хүсэж буй зүйл Украины хил хязгаараас хамаагүй давсан асуудал юм. Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар өнгөрсөн долоо хоногт Кремльд түүнтэй уулзах үеэр В.Путин Төв болон Зүүн Европ дахь НАТО-гийн цэргийн байршлыг ухраах тухай Москвагийн 2021 оны арванхоёрдугаар сарын саналыг эргэн сануулсныг туслах Юрий Ушаков нь мэдээлсэн байна. Уг саналд НАТО-гийн гишүүнчлэлийг 1997 оны түвшинд буцааж татах хязгаарыг заасан байдаг.

1997 онд тус эвсэл ердөө 16 гишүүн оронтой байсан бөгөөд Төв Европ дахь зүүн хил нь Германаар хязгаарлагдаж байв. Түүнээс хойш НАТО дорно зүгт өргөжиж, 1999 онд Польш, Унгар, Чех улсууд нэгджээ. Улмаар 2004 онд Эстони, Латви, Литва зэрэг долоон улс, хожим нь Балканы дөрвөн улс элссэн юм. В.Путин Украин руу довтолсноор Финланд, Швед улсууд ч мөн эвсэлд нэгдэж, зөвхөн Финланд гэхэд л НАТО-гийн Оростой хиллэх зурвасыг 1,280 гаруй километрээр (800 гаруй миль) уртасгасан билээ.

Ийнхүү 1997 оноос хойш нэгдсэн нийт 16 улс байгаа бөгөөд В.Путин эдгээр улс бүрээс НАТО-гийн цэрэг, зэвсгийг гаргахыг шаардаж байна. Зарим эх сурвалжууд Москва одоо Финландыг НАТО-гоос бүрмөсөн гаргахыг хүсэж байгаа гэж мэдээлж буй ч Кремль үүнийг үгүйсгэжээ.

Мөн В.Путин Орос улс 2022 онд өөртөө нэгтгэсэн хэмээн зарласан Украины дөрвөн мужийг (хэдийгээр бүрэн хянаж чадаагүй ч) өөртөө үлдээх байр суурин дээр хатуу зогсож, гал зогсоосны дараа Украинд Европын ямар ч цэрэг байрлуулахыг эсэргүүцэж байна. Тэрээр АНУ-ын элч нарт хандан ийм алхам хийвэл “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” бөгөөд “өөрөөр хэлбэл дайн тэр даруй дахин эхэлнэ” хэмээн анхааруулжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Пүрэв гарагийн уулзалтыг гурван удирдагч нөлөөллийн хүрээгээ дахин хуваахад ашиглахаас сэрэмжлүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн сард “Бид үүнийг нөлөөллийн хүрээгээ дахин хуваасан "Ялта 2, 3, 4" болж хувирахыг огт хүсэхгүй байна” хэмээн мэдэгдэж байв.

АНУ-ын хувьд НАТО гэдэг нь хэнийг хамгаалахад туслах, цэргээ хаана байрлуулах, Оросын эсрэг хил хязгаараа хаана татах тухай Америкийн амлалт юм. Хэрэв Шэньжэньд Украины асуудал хэлэлцэх ширээн дээр тавигдвал үүний цаадах бооцоо нь зөвхөн Украин улсаар хязгаарлагдахгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08