Dark Light
Гадаад | 2026-11-17

АНУ-Д ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ БУЙ AI ДАТА ТӨВҮҮДИЙГ ХЯТАД УЛС ӨВӨР МОНГОЛД ЭРЧИМТЭЙ БАРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-д технологийн компаниудын барихаар төлөвлөж буй дата төвүүд нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа бол Хятад улс Өвөр Монголын Улаанцав хотын захын дүүрэгт хиймэл оюун ухааны (AI) асар том дата төвийн цогцолборыг эрчимтэй сүндэрлүүлж байна. Америкийн жижиг хоттой дүйцэхүйц хэмжээтэй тус барилгын талбайд хэдэн арван дата төв баригдаж байгаа бөгөөд тэдгээрийг холбосон шинэ авто замын сүлжээ нь бүтээн байгуулалтын цар хүрээг тод харуулж байгааг CBS News мэдээлжээ.

Үе дамжин төмс тариалж ирсэн тариалангийн талбай дээр олон давхар дата төвүүд босож байгаа нь өнөөдөр Хятад даяар өрнөж буй хамгийн том бөгөөд хурдацтай дэд бүтцийн төсөл болоод байна. Хиймэл оюун ухааны салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлэх Бээжингийн амбицыг энэхүү бүтээн байгуулалт тэжээнэ гэж Хятадын албаныхан найдаж байгаа аж. Ийнхүү хоёр гүрний технологийн өрсөлдөөн бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр эрс тэс ялгаатай өрнөж эхэллээ.

Яагаад Улаанцавыг сонгов?

Улаанцав бүс нутаг нь Өвөр Монголдоо хамгийн тогтмол салхитай газруудын нэг бөгөөд жилийн турш сэрүүн уур амьсгалтай байдаг нь дата төвүүдийн серверүүдийг хөргөх зардлыг эрс хэмнэдэг давуу талтай. Мөн алслагдмал бүс нутаг тул газар болон ажиллах хүчний өртөг харьцангуй хямд байдаг аж.

Тус AI цогцолборыг барихаар Хятадын өнцөг булан бүрээс 30,000 орчим ажилчин татан оролцуулж байна. Эдийн засгийн удаашрал, залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа энэ үед ийм томоохон дэд бүтцийн төслүүдийг нутгийн иргэд ч эергээр хүлээн авч байгаа гэнэ. Өнгөрсөн жил НҮБ-аас явуулсан судалгаагаар Хятадын иргэдийн 80 хүртэлх хувь нь дата төв барихыг дэмждэг бөгөөд нийт хүн амын дор хаяж гуравны хоёр нь өдөр тутмын амьдралдаа хиймэл оюун ухаан ашигладаг гэсэн дүн гарчээ. Өнөөдрийн байдлаар Huawei, Alibaba, ByteDance, DeepSeek, Baidu, Z.ai, ZData болон VNET зэрэг технологийн гигантууд бүгд Өвөр Монголд үйл ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна.

Харин АНУ-д цахилгааны үнэ өсөх, усны хэрэглээ нэмэгдэх болон газар ашиглалттай холбоотойгоор олон нийт дата төвүүдийг болгоомжлон эсэргүүцэх нь ихэссэн. Энэ дарамт бодит төслүүдэд нөлөөлж, тухайлбал Мэрилэнд мужийн Принс Жорж дүүрэгт баригдахаар төлөвлөж байсан таван тэрбум ам.долларын өртөгтэй дата төвийн хотхон нутгийн иргэдийн зохион байгуулалттай эсэргүүцлийн улмаас гацаанд ороод байна.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн хиймэл оюун ухааны ноёрхлын төлөөх уралдаанд микрочип бус, харин эрчим хүчний хангамж эцсийн шийдвэрлэх хүчин зүйл болох төлөвтэй. Хятад ба Даяаршлын төвийн үүсгэн байгуулагч Хэнри Вангийн хэлснээр өндөр хүчин чадалтай чипний экспортын хоригоос болж Хятадын AI загварууд Америкийн өрсөлдөгчдөөсөө зургаан сар орчмоор хоцорч яваа ч эрчим хүчний нөөц боломж энэ зөрүүг нөхөх гол хөшүүрэг болж магадгүй юм. Улаанцав дахь төсөл нь арвин эрчим хүчний эх үүсвэр, АНУ-аас тав дахин хямд барилгын зардал болон олон нийтийн эсэргүүцэлгүй орчин гэсэн гурван том давуу талыг нэг дор бүрдүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08