Хятад улс Лхагва гарагт Хятадын хоёр, Пакистаны нэг буюу нийт гурван сансрын нисгэгч бүхий “Шэньжоу-24” сансрын хөлгийг хөөргөж, өөрийн сансрын станц руу анх удаа гадаадын багийн гишүүнийг илгээлээ.
Пакистаны 40 настай сансрын нисгэгч Мухаммад Зишан Али Хятадын сансрын нисгэгчид болох 51 настай Тан Хунбо, 39 настай У И нарын хамт Лхагва гарагийн өглөө Баруун хойд Хятадын Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрсөн юм. Хөлөг пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замдаа оржээ.
Энэхүү хөөргөлт нь Хятадын нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн түүхэн дэх Хятад болон гадаадын сансрын нисгэгчид оролцсон анхны хамтарсан нислэг боллоо. Хөөрөхөөс хэдхэн цагийн өмнө болсон үдэн гаргах ёслолд олон зуун хүн цугларч, түүхэн мөчийг гар утсандаа буулган авч байв.
Хятадын төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн өмнө нь мэдээлснээр, багийнхан нислэгийнхээ үеэр 90 гаруй шинжлэх ухааны туршилт, технологийн сорилт хийх юм. Мухаммад Зишан Али богино хугацааны нислэгийнхээ үеэр тойрог замд фотосинтез явуулдаг хөх-ногоон замаг (цианобактери)-ийн туршилт хийгээд, улмаар “Шэньжоу-23” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх аж.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф сансрын нисгэгчдийг хөөрөхийн өмнө сайн сайхныг хүсэн ерөөж, Мягмар гарагт X нийгмийн сүлжээнд “Пакистан-Хятадын найрамдал задгай сансар руу хийх аяллаараа Гималайн нурууны өндрөөс ч давж гарлаа” хэмээн бичжээ.
Энэхүү хамтарсан нислэг нь Хятад, Пакистан хоёр улсын 2025 оны хоёрдугаар сард байгуулсан хэлэлцээрийн нэг хэсэг юм.
Энэ удаагийн нислэг Али болон У нарын хувьд анхны сансрын аялал бол Тан Хунбо өмнө нь хоёр удаа нисэж байсан бөгөөд “Тяньгун” сансрын станцад гурван удаа хөл тавьсан анхны сансрын нисгэгч болох гэж байгааг үндэсний телевиз CCTV мэдээллээ.
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Тан хэл, соёл, сэтгэл зүйн ялгаатай байдал нь энэхүү нислэгт хамтран ажиллаж сурахад илүү их сорилт дагуулсан ч хоёр талын хүчин чармайлт үр дүнгээ өгч байгааг онцолсон байна. Сэтгүүлчдийн өмнө Али мандарин хятад хэлний чадвараа харуулж, илүү холыг харахын тулд нэг давхар дээш авирах тухай хятад шүлгийн мөрийг эш татжээ. Тэрбээр хятадаар “Энэ бол яг миний өдөр тутмын бэлтгэл шиг. Өдрөөс өдөрт шинэ өндөрлөгт хүрч байна” гэсэн бол англиар ярихдаа хоёр орны сансрын хамтын ажиллагааны дараагийн бүлэг нь нэг нислэгт нэг сансрын нисгэгч оролцохоос хальж, олон удаагийн хамтарсан нислэг хийж, улмаар Сар, Ангараг гараг болон түүнээс цааш хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард Хятад улс “Шэньжоу-23” хөлгийг гурван сансрын нисгэгчтэй хөөргөсөн бөгөөд тэдний нэг нь сансарт нэг жил орчим хугацаанд ажиллахаар төлөвлөгдсөн байсан юм.
Хятад улс 2030 он гэхэд анх удаа нисгэгчтэй хөлгийг Сарны гадаргуу дээр буулгахаар бэлтгэж байна. АНУ-ыг сансрын салбар дахь Хятадын гол өрсөлдөгч гэж өргөнөөр үздэг бөгөөд НАСА 2028 онд сансрын нисгэгчдээ Саран дээр буулгахаар зорьж байгаа билээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



