Орос улс энэ оны сүүлээр цөмийн цэнэгт хошуу тээгч “Спутник-С” хиймэл дагуулыг сансарт хөөргөж болзошгүй гэж барууны тагнуулын албаныхан үзэж байгааг Германы хэвлэлүүд хамтарсан эрэн сурвалжилгаараа мэдэгдлээ.
Гол дүгнэлтүүд:
-
Германы хэвлэлүүдийн хамтарсан эрэн сурвалжлагаар барууны тагнуулын албаныхан Орос улс “Космос-2553” хиймэл дагуулын байлдааны цөмийн зэвсэгтэй хувилбар болох “Спутник-С”-ийг удахгүй сансарт байрлуулж болзошгүй гэж үзэж байгааг мэдээлсэн ч Москва энэ мэдэгдлийг няцааж, ойрын хугацаанд хөөргөх тухай албан ёсны баталгаа гараагүй байна.
-
Тойрог замд цөмийн дэлбэрэлт хийх нь агшин зуурын цацрагаар болон бүр ноцтой нь Ван Аллены цацрагийн бүсийг цэнэглэснээр хиймэл дагуулуудыг гэмтээх бөгөөд загварчлалаас харахад нэг мегатонн дэлбэрэлт нь долоо хоногийн дотор дэлхийн нам тойрог замын хиймэл дагуулуудын 98 хувийг ажиллагаагүй болгох чадалтай аж.
-
Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн (FPRI) дайны тоглоомын загварчлалд тулгуурлан бичсэн энэхүү дүн шинжилгээнд ийм хямрал нь буруу ойлголцлоос үүдэн НАТО-гийн нутаг дэвсгэрт ердийн зэвсэгт мөргөлдөөн болж хурцдах аюултайг анхааруулаад, холбоотнуудыг Сансрын гэрээний хэрэгжилтийг хянах, хариу арга хэмжээний талаар улс төрийн зөвшилцөлд хүрэх, арилжааны хиймэл дагуулын сүлжээний тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийг уриалжээ.
Германы Süddeutsche Zeitung (SZ), WDR болон NDR хэвлэлүүдийн хамтарсан эрэн сурвалжилгаар Орос улс энэ оны сүүлээр цөмийн цэнэгт хошуугаар тоноглогдсон хиймэл дагуулыг сансарт байрлуулж болзошгүй гэдэгт барууны тагнуулын албаныхан санал нэгтэй байгааг мэдээллээ. Сэтгүүлч Дэвид Игнатиусын мэдээлсэн бөгөөд Германы мөрдөн байцаалтаар батлагдсан уг зэвсгийг “Спутник-С” (Sputnik-S) гэж нэрлэдэг байна. Спутник-С нь өмнө нь хиймэл дагуулуудад цацрагийн үзүүлэх нөлөөг турших зориулалттай байсан “Космос-2553”-ын байлдааны хувилбар гэж үзэж байгаа аж.
Германы хэвлэлүүдэд дурдсанаар ажиллагаанд бэлэн Спутник-С хиймэл дагуулыг хэдэн жилийн өмнө зохион бүтээж, угсраад Москвагийн ойролцоо хадгалж байгаа аж. Берлин дэх Оросын Элчин сайдын яам уг мэдэгдлийг эрс няцааж, үүнийг “суртал ухуулгын кампанит ажлын нэг хэсэг” бөгөөд Оросын сансрын үйл ажиллагаа нь “зөвхөн энх тайвны зорилготой” хэмээн хариу мэдэгджээ. 2024 онд АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлаг Орос улс цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай хиймэл дагуул хөгжүүлж байгааг олон нийтэд мэдээлж байсан ч ойрын хугацаанд байрлуулах гэж буй тухай мэдээлэл нь шинэ зүйл юм.
Энэ оны есдүгээр сард FPRI-ийн Евразийн хөтөлбөр болон Зэвсэглэлд хяналт тавих санаачилгаас үүнтэй тун төстэй хувилбар буюу Москва тойрог замд цөмийн зэвсэг байрлуулж, барууны арилжааны хиймэл дагуулын сүлжээнд заналхийлж буй бодит шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдал дээр суурилсан дайны стратеги загварчлал (симуляци) зохион байгуулжээ. Уг симуляцийн зорилго нь урьдчилан таамаглах бус, харин тодорхойгүй нөхцөл байдалд Оросын сансрын шинэ төрлийн шахалт дарамтад АНУ, НАТО болон арилжааны байгууллагууд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг судлах явдал байв. Бидний олж мэдсэн хамгийн түгшүүртэй үр дүн бол сансарт ямар нэгэн цөмийн зэвсэг дэлбэрэхээс ч өмнө энэ салбарт үүссэн хямрал ердийн дайн болон даамжрах аюултай байсан явдал юм.
Хэрэв уг мэдээллүүд тагнуулын бодит өгөгдлийг үнэн зөв тусгасан бол Америк болон түүний Европын холбоотнууд Оросыг Спутник-С бүтээхээс тогтоон барьж чадаагүй гэсэн үг. Энэ нь тэргүүлэх чиглэлийг Спутник-С-ийг хөөргөхөөс сэргийлэх рүү шилжүүлж байна. Тиймээс АНУ болон холбоотнуудын хүчин чармайлт Оросыг үүнээс татгалзуулах, Сансрын гэрээг бэхжүүлэх арга замыг эрэлхийлэх, мөн сансар дахь барууны тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх замаар Оросын хөшүүргийг сулруулахад чиглэх ёстой.
САНСАРТ ЦӨМИЙН ДЭЛБЭРЭЛТ БОЛОХ ЭРСДЭЛ
Орос улс энэ оны сүүлээр Спутник-С-ийг хөөргөх бодолтой байгаа эсэх, эсвэл зүгээр л хөөргөх чадвартай байгаа эсэх талаар мэдээллүүд бага зэрэг бүрхэг байна. Хөөргөх хугацаа нь пуужин зөөгч болон хөөргөх талбайн бэлэн байдлаас ихээхэн хамаарах боловч Трампын засаг захиргааны бүрэн эрхийн хугацаанд хөөргөх нь Орост ашигтай байх болно. Владимир Путинтэй тогтоосон хувийн харилцааг нь харгалзан үзвэл Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын бусад удирдагчдаас ялгаатай нь Спутник-С хөөргөхөд түрэмгий хариу үйлдэл үзүүлэх магадлал бага байж магадгүй. Харин Герман зэрэг АНУ-ын холбоотнууд аль хэдийн хатуу байр суурь илэрхийлээд эхэлжээ. Германы Кибер болон мэдээллийн орон зайн командлалын хэвлэлийн төлөөлөгч хиймэл дагуул руу очих дохиог хаахын тулд цахим дайн явуулах эсвэл “довтлох кибер хэрэгсэл” ашиглан ажиллагаагүй болгохыг оролдоно хэмээн мэдэгдсэн байна.

Спутник-С хиймэл дагуулыг “бүрэн зохион бүтээж, Их Москвагийн бүсэд хэдэн жилийн турш хадгалж байгаа” гэдэг дээр бүх тайлангууд санал нэг байна. Хэрэв энэ үнэн бол Оросын удирдлагын дунд уг зэвсгийг байрлуулах эсэх талаар маргаан, болгоомжлол байсныг, эсвэл хямралын үед хөөргөх төлөвлөгөөтэй байсныг илтгэж магадгүй.
Сансар дахь цөмийн зэвсэг нь ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд хэн хөөргөсөн, эзэмшдэг, ажиллуулдгаас үл хамааран бүх хиймэл дагуулд заналхийлнэ. Спутник-С шиг зэвсэг нь арилжааны хиймэл дагуулын сүлжээ зэрэг хиймэл дагуулуудыг устгах буюу гэмтээх хоёр арга замтай. Эхнийх нь агшин зуурын цацраг буюу цөмийн дэлбэрэлтээс ялгарах рентген туяа юм. Энэ нь сансрын цөмийн зэвсгийн шууд тусгалын хүрээнд байгаа хиймэл дагуулуудыг гэмтээх бөгөөд тооцооллоор Старлинк (Starlink) зэрэг дэлхийн нам тойрог замын сүлжээний хиймэл дагуулуудын 2–5 хувийг устгах буюу ажиллагаагүй болгоно.
Хоёр дахь буюу илүү их санаа зовоож буй хөнөөх механизм нь цөмийн дэлбэрэлтийн задралын бүтээгдэхүүнээс ялгарах электронуудаас үүдэлтэй. Эдгээр электронууд дэлхийн соронзон оронд буюу Ван Аллены бүс гэгдэх зурваст хуримтлагдаж, тойрог зам дахь хиймэл дагуулуудыг хүчтэй цацрагт дахин дахин өртүүлдэг. Энэ үзэгдлийг анх 1960-аад онд АНУ-д ажиглаж байжээ. 1962 онд өндөрт хийсэн “Starfish Prime” цөмийн туршилтын дараа соронзон бүсэд хуримтлагдсан цацраг тухайн үед тойрог замд байсан хиймэл дагуулуудын гуравны нэгийг, тэр дундаа анхны арилжааны харилцаа холбооны хиймэл дагуул болох Telstar 1-ийг устгасан юм. Принстон болон Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаачдын саяхны судалгаагаар өмнөд Атлантын далайн дээгүүр хийсэн нэг мегатонн дэлбэрэлт долоо хоногийн дотор дэлхийн нам тойрог зам (LEO) дахь хиймэл дагуулуудын 98 хувийг ажиллагаагүй болгохыг харуулжээ. Цацрагийн улмаас олон хиймэл дагуул ажиллагаагүй болох тусам хоорондоо мөргөлдөх нь нэмэгдэж, хамгийн чухал тойрог замуудад сансрын хог хаягдал тархах болно.
Арилжааны хиймэл дагуулуудын дийлэнх нь дэлхийн нам тойрог замд байдаг тул ийм дэлбэрэлт нь арилжааны сансрын салбарт сүйрэл авчирна. Москва SpaceX компанийн ажиллуулдаг Старлинк хиймэл дагуулын интернэт болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг цэргийн тусгай зориулалттай давхар хэрэглээний систем гэж үздэг. Украин улс Старлинк болон барууны бусад хиймэл дагуулын сүлжээг Оросын байнуудын эсрэг амжилттай ашиглаж, мөн НАТО-гийн армиуд улам бүр өргөн хэрэглэх болсон тул Москва хариу цохилт өгөх арга замыг эрэлхийлж байна. Старлинкийн хиймэл дагуулуудын тоо асар олон, мөн SpaceX тэдгээрийг бөөнөөр нь үйлдвэрлэж хурдан нөхөн сэргээх чадвартай тул нэг бүрчлэн устгах нь маш хэцүү. Тиймээс хиймэл дагуулуудыг бөөнөөр нь устгаж, ирээдүйд тойрог замыг ашиглах боломжгүй болгох чадвар нь Украинд хийж буй мөргөлдөөн болон түүнээс цааш Москвад ашиг тусаа өгөх юм.
FPRI-ИЙН СУДАЛГАА ЮУ ӨГҮҮЛЖ БАЙНА ВЭ?
FPRI-ийн дайны стратеги симуляцийн үеэр Оросын талыг төлөөлсөн баг (Улаан) эхлээд тойрог зам дахь хүчин чадлынхаа талаарх тодорхойгүй байдлыг ашиглан Европ (Ногоон) болон АНУ-д (Цэнхэр) дарамт шахалт үзүүлсэн байна. Зэвсгийн бэлэн байдал болон зориулалтын талаарх бүрхэг байдал нь Улаан багт цөмийн зэвсэг байрлуулах босгыг давалгүйгээр улс төрийн хагарал үүсгэх боломж олгожээ.
Уг дайны симуляцийн хамгийн ноцтой хэсэг нь тойрог замд бус, харин НАТО-гийн нутаг дэвсгэр дээр өрнөсөн юм. Хувилбар хөгжихийн хэрээр Улаан баг холбоотнуудын хариу арга хэмжээ болон Америкийн байр суурийн өөрчлөлтийг өөрсдийнх нь эсрэг нэгдсэн довтолгоо хийх бэлтгэл гэж буруу ойлгосон байна. Симуляцийн үеэр тойрог замд ямар ч цөмийн дэлбэрэлт болоогүй ч сансар дахь хямрал нь НАТО-гийн гишүүн оронтой хийх ердийн болон цөмийн сөргөлдөөн болон хувирчээ.
НАТО-ГИЙН ТОГТООН БАРИХ БОДЛОГЫН АСУУДАЛ
Энэ сургуулилт шинэ төрлийн аюул заналхийллийн эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ боловсруулахад ямар хэцүү болохыг харууллаа. Цэнхэр багийн тоглогчид түрэмгий сөрөг арга хэмжээ авсан бол Ногоон багийн тоглогчид хурцадмал байдлыг намжаахыг урьтал болгосон байна. Европын холбоотнуудын хувьд Оросын сансрын аюулыг саармагжуулах гэсэн аливаа оролдлого нь НАТО-гийн нутаг дэвсгэрт Оросын цэргийн ажиллагааг өдөөх вий гэсэн шууд аюул тулгарч байв.
НАТО-гийн одоогийн сансрын бодлого ч энэ ашиг сонирхлын зөрүүнд нөлөөлсөн. НАТО өмнө нь сансар руу, сансраас эсвэл сансар дотор хийсэн халдлага нь 5 дугаар зүйлийг (хамтын батлан хамгаалах) идэвхжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч тухайн тохиолдол бүрээр шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэвч иргэний болон цэргийн аль алинд нь үйлчилдэг хувийн хэвшлийн арилжааны хиймэл дагуулуудыг бай болгосон үед юуг халдлага гэж үзэх талаар ихээхэн тодорхойгүй байдал байсаар байна.
ХӨӨРГӨХӨӨС ӨМНӨ АРГА ХЭМЖЭЭ АВАХ
Сансрын гэрээний IV зүйлийн хэрэгжилтийг хянах, баталгаажуулах чадавх нэн шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээг хөөргөхөөс өмнөх шалгалтын үеэр газар дээр нь болон тойрог замд идэвхтэй, идэвхгүй олон төрлийн аргаар хэрэгжүүлэх боломжтой.
FPRI-ийн судалгааны үр дүнгээс харахад барууны холбоотнууд гурван зорилгод анхаарлаа хандуулах ёстой:
- Нэгдүгээрт, Оросын аюул заналхийллийн эсрэг авах хариу арга хэмжээний талаар улс төрийн зөвшилцөлд хүрэх.
- Хоёрдугаарт, холбоотнуудад тагнуулын мэдээллийг үнэлэх, бүх салбарт цэргийн дохиог уялдуулан зохицуулах хамтарсан журам хэрэгтэй. Эмзэг байдалд орсон холбоотнууд эсвэл арилжааны операторуудыг тайвшруулах зорилготой бэлтгэл ажлыг нөгөө тал довтолгооны бэлтгэл гэж буруугаар ойлгох эрсдэлтэй тул олон нийтийн байр суурь хатуурсан үед ч нууц харилцааны сувгуудыг нээлттэй байлгах шаардлагатай.
Эцэст нь, холбоотнууд арилжааны сансрын салбарын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх ёстой. НАТО арилжааны операторуудтай хамтран хиймэл дагуулын үйлчилгээ доголдох, нөхөн сэргээх болон газар дээрх хувилбаруудыг төлөвлөх нь Оросын хөшүүрэг, заналхийллийг сулруулах болно.
ТАТАР МАЙДАР







Гадаад



