Dark Light
Гадаад | 2026-11-25

КИМ ИР СЕНИЙ БИЕ ХАМГААЛАГЧ АСАН ДҮРВЭСЭН ТҮҮХЭЭ ДЭЛГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | NK News

Пак Сан-ил БНАСАУ-ын шоронгоос Өмнөд Солонгост хэрхэн эрх чөлөөнд хүрсэн тухай шинэ дурсамжийн номынхоо талаар ярилцлага өглөө.

Пак Сан-ил 50 жилийн хугацаанд Хойд Солонгосын амьдралынхаа хамгийн оргил болон тамын ёроолд унасан хүнд хэцүүг биеэрээ туулжээ.

Тэрбээр нэгэн цагт Хойд Солонгосыг үндэслэгч удирдагч Ким Ир Сенийг хамгаалах үүрэг бүхий тусгай бие хамгаалагчийн ангид хүн бүрийн хүсдэг нэр хүндтэй албыг хашиж байсан бөгөөд хожим нь хилийн Хесан хотод үйлдвэр удирдахаар томилогдсон байна.

1990-ээд оны “Хүнд хэцүү аян” хэмээх их өлсгөлөнгийн үеэр тэрбээр Хятад руу хил дамнасан хууль бус худалдаанд оролцох болсон бөгөөд Өмнөд Солонгосын олон ангит кино болон Библийн судартай танилцсан нь бусдад эх орноосоо дүрвэн гарахад нь туслах урам зоригийг түүнд өгчээ. 

Хойд Солонгосын амьдралын хамгийн оргил болон хамгийн хатуу ширүүн доод цэгүүдийг 50 жилийн турш биеэрээ туулсан Пак Сан-ил БНАСАУ-ын шоронгоос Өмнөд Солонгост хэрхэн эрх чөлөөнд хүрсэн тухай шинэ дурсамжийн ном болон хэвлэлд өгсөн ярилцлагууддаа сонирхолтой түүхээ дэлгэлээ.

Тэрбээр нэгэн цагт Хойд Солонгосыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг бүхий 100 мянга орчим цэрэгтэй, армийн бүх төрлийн хүчнээс бүрдсэн тусгай бие хамгаалагчийн 974-р ангид хүн бүрийн хүсдэг нэр хүндтэй албыг хашиж байжээ. Тэнд тэднийг 100 сумнаас 80–90-ийг нь онодог мэргэн бууч болгож, хутга шидэх, олсоор гол мөрөн, хад асга гатлах зэрэг тусгай бэлтгэлээр сургадаг байсан аж. Сонирхолтой нь, цэргүүдийн байлдааны сэтгэл зүйг хурцлахын тулд Өмнөд Солонгосын тусгай хүчнийхний тухай өгүүлдэг "Сильмидо" (Silmido) киног хүртэл нууцаар үзүүлдэг байсныг тэрбээр дурсан ярьжээ.

ӨДӨР НЬ НАМЫН ДАРГА, ШӨНӨ НЬ ХИЛ ДАМНАСАН ХУДАЛДААЧИН

Цэргээс халагдсаныхаа дараа Пак Сан-ил Хятадтай хиллэдэг Хесан хотын Гангийн үйлдвэрийн намын хорооны нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан байна. Гэвч 1990-ээд оны “Хүнд хэцүү аян” хэмээх их өлсгөлөнгийн үеэр үйлдвэрийн олон зуун ажилчид өлсгөлөнд нэрвэгдэж, ажилдаа ч ирж чадахгүй болж эхэлснээр түүний үзэл бодол эрс өөрчлөгджээ. Ялангуяа 2000 оны хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа Өмнөд Солонгосоос ирүүлсэн хандив тусламж, цагаан будаа, эм тариа энгийн иргэдэд хүрэхгүй алга болж байгааг хараад эрх баригчдын суртал ухуулгад эргэлзэж эхэлсэн байна.

Тэрбээр энэ үеэс эхлэн өдөр нь хурлын танхимд ажилчдаа цуглуулан коммунист нам, Ким Ир Сений гэр бүлийн төлөө уриа хашхирдаг байсан бол шөнө нь Хятад руу хил давж худалдаа эрхлэх болжээ. Хилийн цаана гарснаар тэрбээр Өмнөд Солонгосын олон ангит кино болон Библийн судартай танилцаж, гадаад ертөнцийн бодит үнэнийг ойлгосон бөгөөд улмаар өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн нутгийн иргэдэд эх орноосоо дүрвэн гарахад нь туслахаар шийдсэн байна.

100 ГАРУЙ ХҮНИЙГ АВАРСАН Ч ЭЦЭСТ НЬ ИЛЭРЧЭЭ

Пак Сан-ил 10 жилийн хугацаанд найз нөхдийнхөө хүүхдүүд, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд болон Хятад, Өмнөд Солонгос руу дүрвэхийг хүссэн 100 гаруй хүнийг хил давуулан найдвартай газарт хүргэж өгчээ. Түүний тусламжтайгаар хил давсан хүмүүс бүгд амжилттай зорьсон газартаа хүрч байсан ч 2007 оны наймдугаар сард нэгэн гэнэтийн явдал түүний хувь заяаг эргүүлсэн байна.

Тухайн үед түүнийг ажилдаа явсан хойгуур хоёр эмэгтэй гэрт нь ирж, эхнэрт нь амьдрах ямар ч аргагүй болсноо уйлан гуйжээ. Орой нь эхнэрийнхээ гуйлтаар тэрбээр үерийн устай шөнөөр хоёр эмэгтэйг хил давуулан Хятадын талд гаргаж өгсөн байна. Гэвч тэдний нэг нь Хятадын айлд очсоныхоо дараа илүү их мөнгө олох гэж гэрээс нь оргон гадуур тэнэж яваад хятад хэл мэдэхгүйн улмаас цагдаад баригдаж, Хойд Солонгост шилжүүлэгджээ. Улмаар мөрдөн байцаалтын явцад хэн хил гаргаж өгсөн нь илэрснээр Пак Сан-ил баривчлагдан БНАСАУ-ын шоронд хоригдсон байна.

Тэрбээр хожим шоронгийн хүнд бэрх амьдралыг даван туулж, өөрөө Өмнөд Солонгост дүрвэн гарч чадсан бөгөөд энэ бүх түүхээ эмхэтгэн дурсамжийн ном болгон хэвлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08