БНХАУ-ын Засгийн газар “үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэтрүүлсэн” гэх шалтгаанаар шинэ татвар ногдуулахаар зэхэж буй АНУ-ын төлөвлөгөөг эрс шүүмжилж, үүнийг ямар ч бодит үндэслэлгүй гүтгэлэг хэмээн няцаалаа.
Арваннэгдүгээр сарын 26-нд Бээжин дэх АНУ-Хятадын харилцааг сайн мэдэх эх сурвалжуудын мэдээлснээр, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Зякунь өмнөх өдөр нь болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр АНУ Хятад болон бусад эдийн засагт нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж буй тухай мэдээлэлд хариу өгөхдөө, АНУ-тай эдийн засаг, худалдааны асуудлыг шийдвэрлэх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой байгааг онцолжээ.
Го Зякунь тарифын болон худалдааны дайнаас аль ч тал ашиг хүртэхгүй гэдгийг тэмдэглээд, холбогдох асуудлуудыг эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хоёр талд уриалав. Мөн тэрбээр үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал гэгчийг худал үндэслэл хэмээн няцааж, үүнийг улс төрийн манипуляци хийх шалтаг болгон ашиглахыг Хятад улс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн байна. Түүнчлэн Хятад, АНУ хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал ойлголцлыг хамтран хэрэгжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны тогтвортой хөгжлийн эрчийг хадгалах ёстойг онцолжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR) Өмнөд Солонгос, Хятад, Япон болон Европын Холбоо (ЕХ) зэрэг худалдааны 16 түншийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлын талаарх Худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлийн дагуу хийсэн шалгалтын дүн болон шинэ тарифын хувь хэмжээг удахгүй зарлах төлөвтэй байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дональд Трампын засаг захиргаанаас дэлхий даяар зарласан харилцан адил татварыг АНУ-ын Дээд шүүх хууль бус хэмээн хүчингүй болгосны дараа түүнийг орлох татвар ногдуулах зорилгоор USTR өнгөрсөн гуравдугаар сард олон улсын эдийн засаг дахь албадан хөдөлмөр болон илүүдэл хүчин чадлын талаар 301 дүгээр зүйлийн дагуу шалгалт эхлүүлээд байсан юм.
Өмнөх өдрийн хэвлэлийн хурлын үеэр Го Зякунь мөн Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компанийг залилан, мөнгө угаах, худалдааны нууц хулгайлахаар хуйвалдсан зэрэг олон эрүүгийн хэргээр буруутайд тооцсон АНУ-ын шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцжээ. Тэрбээр Хятадын Засгийн газар Хятадын компаниудыг дарамталж, хязгаарлах гэсэн АНУ-ын оролдлогыг тууштай эсэргүүцэж байгааг илэрхийлээд, компаниудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалахад Хятад улс бат зогсоно хэмээн нэмж хэлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 24-нд Нью-Йоркийн Зүүн дүүргийн Холбооны шүүхийн тангарагтны шүүх “Huawei” болон түүний хэд хэдэн охин компанийг 12 зүйл ангиас 10-т нь буруутайд тооцсон юм. Үүнд банкны залилан, цахим залилан, мөнгө угаахаар хуйвалдсан, худалдааны нууц хулгайлахаар хуйвалдсан, АНУ-ын хориг арга хэмжээг зөрчихөөр хуйвалдсан зэрэг хэргүүд багтжээ. Харин зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэхээр хуйвалдсан болон шүүн таслах ажиллагаанд саад учруулахаар хуйвалдсан гэх хоёр зүйл ангиар цагаатгасан байна.
Хоёр сар үргэлжилсэн шүүх хурлын үеэр АНУ-ын прокурорууд “Huawei”-г Америкийн компаниудаас технологи хулгайлсан, АНУ-ын санхүүгийн системийг урвуулан ашигласан, мөн Ираны Засгийн газарт иргэдээ хянахад нь тусалсан хэмээн буруутгажээ. Нөхцөл байдлаас харахад эдгээр буруутгалыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үгүйсгэх аргагүй юм. Гэсэн хэдий ч сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын эсрэг явуулж буй тариф, худалдааны дайнд ялахын тулд АНУ-ын зүгээс дарамт шахалтаа эрчимжүүлэх зорилгоор эдгээр хэргийг зориудаар сөхсөн гэх байр суурийг харгалзан үзвэл Хятадын талын энэхүү хүчтэй эсэргүүцлийг тодорхой хэмжээнд ойлгох үндэслэл бий.
ТАТАР МАЙДАР







Гадаад



