Өмнөд Солонгосын Дээд шүүх албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг Ерөнхий сайд асан Хан Док Сүгийн цэргийн онц байдалтай холбоотой шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн гэх хэргээс цагаатгасан шийдвэрийг Пүрэв гарагт эцэслэн баталлаа.
"Yonhap" агентлагийн мэдээлснээр, Юн Сок Ёлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Хан Док Сүгийн шүүх хурлын үеэр 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлахдаа Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайдын саналаас өмнө зарлан хуралдуулахаар төлөвлөж байсан хэмээн худал мэдүүлсэн хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Дээд шүүх ийнхүү өнгөрсөн есдүгээр сард түүнийг уг хэргээс цагаатгасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Эргэн сануулахад, Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал тогтоох гэсэн бүтэлгүй оролдлогынхоо дараа өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон билээ. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сараас хойш цагдан хоригдож байгаа бөгөөд цэргийн онц байдал зарлахыг завдсан болон түүнтэй холбоотой бусад хэргээр дор хаяж найман эрүүгийн шүүх хурлаар шүүгдэж байна.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард Сөүлийн Төв дүүргийн шүүхээс Юн Сок Ёлыг 2024 онд Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын дээгүүр дрон нисгэж, эрх мэдлээ урвуулан ашигласан болон дайсанд тусалсан хэрэгт гэм буруутайд тооцон 30 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад



