Dark Light
Гадаад | 2026-11-26

ТРАМПЫН ХҮРГЭН КУШНЕР: В.ЗЕЛЕНСКИЙ Д.ТРАМПЫГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Ukrinform/Future Publishing via Getty Images

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлэлцээний төлөөлөгч, мөн түүний хүргэн болох Жаред Кушнер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайныг эхлээд гал зогсоох замаар дуусгах сонирхолгүй байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Кремлийн удирдагчийг магтаж, АНУ-Оросын харилцааг сэргээх дипломат стратегийн талаар танилцууллаа.

Лхагва гарагт (2026.11.25) цацагдсан Германы хэвлэл мэдээллийн “Axel Springer” группийн гүйцэтгэх захирал Матиас Дөпфнерийн “MD Meets” подкастад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа Ж.Кушнер Вашингтон эхлээд Украин, Орос, Европыг оролцуулсан дайны дараах аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх замаар газар нутгийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгааг хэлжээ. Ийм тогтолцоонд хүрч чадвал талууд газар нутгийн асуудалд илүү уян хатан хандах болно гэж тэрбээр үзэж байгаа бөгөөд хэлэлцээ нь хэн нь зөв, хэн нь бурууг тогтоох бус, харин дайныг дуусгахад чиглэх ёстой гэж маргасан байна.

Тэрбээр “Энэ бол шударга ёс эсвэл хэн нь зөв, буруу тухай асуудал биш. Харин аллагыг хэрхэн зогсоож, цаашид хүмүүст илүү сайхан амьдралыг бий болгох тухай юм” гэжээ.

Сонирхолтой нь, ярилцлагын Украинтай холбоотой хэсгийн туршид Ж.Кушнер Оросыг түрэмгийлэгч, Украиныг Оросын түрэмгийллийн хохирогч гэж нэг ч удаа тодорхой нэрлээгүй бөгөөд харин ч уг дайныг харилцан үл ойлголцол, буруу тооцоолол, аюулгүй байдлын өрсөлдөөнт ашиг сонирхлын үр дагавар мэтээр тайлбарласан байна. Тэрбээр газар нутгийн талаарх хэлэлцээ мухардалд орсныг хүлээн зөвшөөрч, Вашингтон анхаарлаа дайны дараах өргөн хүрээний зохицуулалт руу шилжүүлж байгааг мэдэгдэв.

В.ПУТИН ГАЛ ЗОГСООХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Ж.Кушнер өөрөө болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф нар В.Путинтай уулзахдаа нэн даруй гал зогсоож, улмаар энхийн гэрээний нарийн ширийн зүйлийг хэлэлцэх боломжийг шууд хөндсөн гэдгээ хэлжээ. Бүрэн бөгөөд ямар ч болзолгүйгээр гал зогсоох нь энхийн хэлэлцээнд хүрэх эхний алхам болох Киев хотын гол шаардлага байсаар ирсэн. Украин АНУ-ын тэргүүлсэн гал зогсоох санаачилгуудыг, тэр дундаа 2025 оны гуравдугаар сард Вашингтоноос дэвшүүлсэн 30 хоногийн хугацаатай нэн даруй гал зогсоох саналыг удаа дараа дэмжсэн ч Москва үүнийг болзолгүйгээр хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Гэсэн хэдий ч Ж.Кушнер АНУ-ын хэлэлцээний багийнхан В.Путиныг байлдааны ажиллагааг зогсоосноор урт хугацааны тогтвортой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлгүй байна гэж дүгнэснийг дурдав. Тэрбээр “Бид үүний төлөө маш их шахалт үзүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Путин үүнийг сонирхохгүй байгаа бололтой” гэжээ. Москва Киевийн “эхлээд гал зогсоох” хандлагыг эсэргүүцсээр байгаа тул Ж.Кушнер эцэст нь Оросыг түрэмгийллээ зогсооход ятгаж чадах дайны дараах аюулгүй байдлын тогтолцоог боловсруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ж.КУШНЕР ОРОСЫН УКРАИНЫ ЭСРЭГ ДАЙНЫГ “ЗУУЧЛАГЧИЙН ДАЙН” ГЭЖ НЭРЛЭВ

Тэрбээр Оросын Украины эсрэг дайныг Европ нь Украиныг Оросын эсрэг санхүүжүүлж, зэвсэглэж буй бодит “зуучлагчийн дайн” (proxy war) хэмээн тодорхойлоод, цэргийн буруу тооцоолол нь илүү өргөн хүрээний мөргөлдөөн өдөөж болзошгүйг анхаарууллаа. “Энэ дайн Украинд тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа ч Европ Украиныг Оросын эсрэг санхүүжүүлж, зэвсэглэж буй зуучлагчийн дайн болж хувирсан туйлын аюултай цаг үед бид амьдарч байна” гэж тэрбээр хэлэв.

Орос улс Украинд халдлагаа үргэлжлүүлж, цөмийн зэвсгээр удаа дараа сүрдүүлж байгаа хэдий ч Ж.Кушнер В.Путиныг тэвчээр зааж байна хэмээн үнэлжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар Путин тэвчээр харуулж байна. Тэр цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвшөөрсөн нь мэдээжийн хэрэг том зүйл” гээд, Оросын удирдагч АНУ-ын хэлэлцээний төлөөлөгчдөд цөмийн зэвсэг ашиглах бодолгүй байгаагаа баталсан гэж нэмж хэлсэн байна.

Ж.КУШНЕР В.ПУТИНЫГ “УЛС ТӨРИЙН ИХ МАСТЕР” ХЭМЭЭН МАГТЛАА

В.Путинтай хийсэн уулзалтуудынхаа талаар ярихдаа Ж.Кушнер Оросын удирдагчийн бэлтгэл, улс төрийн туршлага, хэлэлцэж буй асуудлын талаарх ойлголтыг өндрөөр үнэлж, “Тэр бол гарцаагүй улс төрийн их мастер, түүхэн бие хүн” гэжээ. Түүний энэхүү бахдал нь Д.Трампын өмнө нь В.Путиныг магтаж байсантай ижил бөгөөд Украинд явуулж буй харгис дайн, дотоод дахь улс төрийн өрсөлдөгчдөө системтэйгээр дарангуйлж буй үйлдлээрээ ардчилсан ертөнцөд буруушаагдаж буй Кремлийн удирдагчид хандах хандлагаас эрс зөрж байна.

Тэрбээр мөн В.Путины гадаад бодлогын туслах Юрий Ушаков болон Оросын хөрөнгө оруулалтын тусгай элч Кирилл Дмитриев нарыг магтаж, сүүлийнхийг нь “миний гайхалтай найз” хэмээн тодорхойлжээ. 2022 оны хоёрдугаар сарын 28-нд буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс ердөө дөрөв хоногийн дараа АНУ-ын Сангийн яамны хоригт орсон К.Дмитриевтэй Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд олон улсын газрын тосны олборлолтыг бууруулах хэлэлцээрт хамтран ажиллаж байснаа дурсаад, Москва, Вашингтоны харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтыг нь сайшаасан байна. Ж.Кушнер болон С.Виткофф нарын үзэж байгаагаар В.Путин дайныг хүлээн зөвшөөрөхүйц нөхцөлөөр дуусгахаас гадна АНУ-тай тогтоосон харилцаагаа үндсээр нь өөрчлөхийг хүсэж байгаа аж.

ГАЗАР НУТГИЙН ХЭЛЭЛЦЭЭ МУХАРДАЛД ОРСОН ХЭВЭЭР БАЙНА

Газар нутгийн маргаан нь дайныг дуусгахад гол саад тотгор хэвээр байгаа ч аюулгүй байдал, эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэснээр буулт хийхэд илүү хялбар болно гэж Ж.Кушнер үзэж байна. Тэрбээр Европ дахь ихэнх хил хязгаар цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дайн, энх тайван эсвэл буултаар шийдэгдэж ирснийг дурдсан ч одоогийн фронтын шугамыг царцаах эсвэл НАТО-д элсэхийн оронд Донбассыг бүхэлд нь Орост өгөх гэх хоёр хувилбарын аль нэгийг нь дэмжээгүй байна. Харин Вашингтон дайны дараах аюулгүй байдлын бүтэц, аюулгүй байдлын баталгаа, Украин, Оросын эдийн засгийн зохицуулалт, хүмүүнлэгийн арга хэмжээ гэсэн харилцан уялдаатай таван чиглэлээр хэлэлцээ хийж байгааг тэрбээр онцолжээ.

УКРАИН НАТО-Д ЭЛСЭХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Украин НАТО-д элсэх бодит боломж байгаа эсэхийг асуухад Ж.Кушнер хэдийгээр Вашингтон эвсэлд элсэх нь тохиролцооны нэг хэсэг болохгүй гэсэн таамаглал дор ажиллаж байгаа ч юуг ч үгүйсгэхгүй, үргэлж ямар нэгэн боломж байдаг гэж хариулжээ. Тэрбээр НАТО-гийн хамтын батлан хамгаалах тухай 5 дугаар зүйлийг аюулгүй байдлын баталгааны “алтан стандарт” гэж нэрлэсэн ч Украин НАТО-гийн гишүүдийн бие биедээ өгдөгөөс илүү тодорхой амлалт хүлээх ёсгүйг сануулсан байна.

“АМЕРИКИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГААГҮЙГЭЭР УКРАИН АЮУЛГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ”

Хэдийгээр Вашингтон Украиныг НАТО-д элсүүлэх тал дээр болгоомжилж байгаа ч Украины урт хугацааны аюулгүй байдал Америкийн амлалтаас хамаарна гэдгийг Ж.Кушнер тодорхой хүлээн зөвшөөрч, “Америкийн аюулгүй байдлын баталгаагүйгээр Украин ирээдүйд аюулгүй байж чадахгүй” гэжээ. Тэрбээр С.Виткоффтой хамтран НАТО-гийн 5 дугаар зүйлтэй аль болох ойролцоо загварчилсан анхны аюулгүй байдлын баталгааны төслийг биечлэн боловсруулсан бөгөөд үүнийг урт хугацааны тогтвортой байдалд тустай гэдгийг Оросын албаныханд ойлгуулахад багагүй хугацаа зарцуулсан гэдгээ хэлсэн байна. Гэхдээ ийм баталгаа өгөх нь Америкийн ашиг сонирхолд нийцэх эсэхийг Д.Трамп эхлээд шийдэх ёстойг тэрбээр онцлов. Мөн дайны дараа Украины цэргийн хүчин чадлыг хадгалж, бэхжүүлэхийг дэмжиж, өөрөөсөө хавьгүй том армийн эсрэг тэмцэж буй тус улсын эсэргүүцлийг сайшаасан байна.

ВАШИНГТОН В.ЗЕЛЕНСКИЙД ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ГЭДГИЙГ НЯЦААВ

Д.Трамп буулт хийлгэхийн тулд В.Путинаас илүү Ерөнхийлөгч В.Зеленскийд дарамт үзүүлсэн гэх яриаг Ж.Кушнер няцааж, “Бид украинчуудад ямар ч дарамт шахалт үзүүлээгүй” гэжээ. Гэсэн хэдий ч хэрэв Киев Вашингтоноос урт хугацааны аюулгүй байдлын баталгаа авахыг хүсэж байвал В.Зеленский Д.Трамптай хүндэтгэлтэй харилцах ёстойг зөвлөсөн байна. Түүнчлэн Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний дараа шатахууны үнэ өсөхөөс Америкийн фермер, загасчдыг хамгаалах зорилгоор Д.Трамп Оростой дизель түлшний хэлэлцээр хийснийг өмөөрч, энэ хоригийг цуцалснаар Москвад сард 20–30 сая ам.долларын нэмэлт ашиг орж байгаа гэж тайлбарлажээ.

В.ПУТИНЫ ЭСЭРГҮҮЦЛЭЭС БОЛЖ ЕВРОП АБУ ДАБИГИЙН ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦООГҮЙ

Абу Дабигийн хэлэлцээнд Европ оролцоогүй шалтгаан нь Европын Засгийн газрууд нэгдсэн нэг төлөөлөгч дээр тохиролцож чадаагүйд бус, харин В.Путин Европын зүгээс өдөөн хатгасан мэдэгдэл, үйлдлүүд их гарч байна гэж үзсэнтэй холбоотой байсныг Ж.Кушнер ил болголоо. Түүний хэлснээр В.Путин Европын орнуудыг хэлэлцээний шийдэл бус, харин Оросыг стратегийн хувьд ялагдалд хүргэхийг эрмэлзэж байна гэж итгэж байжээ. Гэвч Вашингтон Европын удирдагчид дайныг дуусгах чин хүсэлтэй байгааг Москвад итгүүлэхээр ажилласны үр дүнд одоо Герман, Их Британи, Франц, Итали, Польш болон ЕХ-ны байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Европ, НАТО-гийн найман төлөөлөгчтэй өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгааг баталлаа. Ж.Кушнер “Бид Европтой тохиролцохгүйгээр, Украинтай тохиролцохгүйгээр юу ч шийдэхгүй” гэж амлажээ.

БАЯРЫН ӨМНӨ ДАЙНЫ ХАМГИЙН ТОМ ОЛЗЛОГДОГСДЫН БҮЛГИЙГ СОЛИЛЦОХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

Газар нутаг болон гал зогсоох асуудлаар ахиц гараагүй ч гурван талт шинэчилсэн хэлэлцээ нь хүмүүнлэгийн асуудлаар үр дүнд хүрч байгааг Ж.Кушнер дурдлаа. Тэрбээр Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн том олзлогдсон цэрэг солилцоо баярын өмнө явагдаж, олон мянган хүн гэр бүлдээ эргэн очих боломжтой болно гэж мэдэгдэв. Мөн өргөн хүрээний дипломат харилцааны үр дүнд Москва олон талт хэлэлцээний хэлбэрт илүү нээлттэй болж байгааг онцлоод, ирэх долоо хоногуудад талууд томоохон ахиц дэвшилд ойртож байгаа эсэх нь тодорхой болно хэмээн болгоомжтой өөдрөгөөр дүгнэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08