Dark Light
Гадаад | 2026-11-26

ОРОСТ ЦАГДАН ХОРИГДСОН ЯПОНЫ СЭТГҮҮЛЧИЙН ЭХНЭР ТҮҮНИЙГ СУЛЛАХЫГ ГУЙЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Nikkei Asia

Тагнуул хийсэн гэх сэжигээр Москвад саатуулагдсан Японы сэтгүүлчийн эхнэр Пүрэв гарагт мэдэгдэл хийж, нөхрийгөө суллахыг гуйлаа. Тэрбээр мэдэгдэлдээ нөхрийнхөө баривчлагдсан нөхцөл байдал, залуу гэр бүл болон Орос оронтой холбоотой олон жилийн хэлхээ холбооны талаар шинэ баримтуудыг дэлгэжээ.

Японы “Hokkaido Shimbun” сонины сурвалжлагч, 34 настай Юки Имай Оросын Алс Дорнодын Сахалин арал дахь хоёр жилийн томилолтоо дуусгаад эх орондоо буцахаар бэлтгэж байхдаа өнгөрсөн сард саатуулагдсан тухай түүний эхнэр, 32 настай Нозоми уг явдлаас хойш анх удаа ам нээхдээ өгүүлсэн байна. Москва Имайг Оросын батлан хамгаалах хүчин чадлын талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд энэ нь 2023 онд “Wall Street Journal” сонины сурвалжлагч Эван Гершковичийг баривчилснаас хойших гадаадын сэтгүүлчийг саатуулсан хамгийн дуулиантай хэрэг болоод байгаа юм.

Япон Улс уг баривчилгааг эсэргүүцэж байгаа нь хоёр орны угаасаа хурцадмал байсан харилцааг улам бүр муутгаад байна. Имайгийн ажилладаг “Hokkaido Shimbun” сониноос хэвлэл мэдээллийнхэнд илгээсэн уг мэдэгдэлд сэтгүүлчид тулгасан ялын талаар дурдаагүй бөгөөд эхнэр нь ч нэмж тайлбар өгөхөөс татгалзжээ. Тус сонин Засгийн газрын захиалгаар ямар нэгэн сурвалжилга хийх, мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа огт явуулдаггүй гэдгээ мэдэгдсэн юм.

Үүний оронд Нозоми мэдэгдэлдээ нөхөр нь Оросын соёл, хэл, урлагт хайртай, тус улстай гүн гүнзгий холбоотой болохыг онцолж, өвөө нь тус арлын нэг хэсэг Японы мэдэлд байх үед Сахалинд төрсөн тухай дурджээ. Мөн тэрбээр нөхөр нь Орост ажиллах хугацаандаа удаан хугацаагаар хол байсан нэг настай охинтойгоо уулзахыг тэсэн ядан хүлээж байсныг нарийвчлан өгүүлсэн байна.

Нозоми нисэх өглөө нь нөхөртэйгөө холбогдож чадахгүй болсноор ямар нэгэн муу зүйл тохиолдсоныг анх сэжиглэсэн бөгөөд хожим нь гараа ардаа гавлуулсан, ачаа тээш дотор нь гэр бүлдээ авсан бэлэг дурсгалын зүйлс харагдаж буй дүрс бичлэгийг нь үзээд амьсгал нь боогдох шахам хүнд байдалд орсон тухайгаа ярьжээ. Тэдний охин есдүгээр сард аавыгаа хамгийн сүүлд харснаас хойш олон шинэ үг сурсан байна.

Нозоми “Тэр заримдаа харанхуй коридор руу харснаа ‘Аав алга’ гэж хэлдэг. Бяцхан охинд нь энэ нандин аавыг нь буцааж өгөөч гэж гуйж байна” хэмээжээ.

Энэхүү хүнд сорилт Имайгийн өндөр настай эцэг эхэд ч хүнд цохилт болж, хүүгээ дахин хэзээ ч харахгүй байх вий хэмээн санаа зовж эхэлсэн бөгөөд эмч нар ээжид нь тархинд цус харвах эрсдэл өндөр байгааг анхааруулсныг Нозоми нэмж хэлэв. Тэрбээр “Юки Имай бол зөвхөн сэтгүүлч биш. Тэр бол хайртай хүү, хань, аав хүн. Түүнийг аль болох хурдан суллахад тусалж, дэмжихийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэж байна” гэжээ.

Японы албаны хүмүүс Москвагийн Лефортово хорих төвд Имайтай уулзсан бөгөөд түүний эрүүл мэнд хэвийн байгааг мэдээлсэн байна. Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, прокурорууд хэргийг хянан хэлэлцэж байх зуур Имайг Лефортовод дор хаяж хоёр сар саатуулах бөгөөд хэрэв тагнуулын хэргээр гэм буруутайд тооцогдвол 10-аас 20 жилийн хорих ял сонсож болзошгүй аж.

Япон, Орос хоёр улс Японы зүүн хойд эргийн ойролцоох Москвагийн хяналтад байдаг боловч Токио өөрийн газар нутаг гэж үздэг дөрвөн арлын асуудлаар олон жилийн турш маргаантай байсаар ирсэн. 2022 онд Орос Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлж, Япон улс бусад орнуудтай нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш хоёр орны харилцаа огцом муудсан билээ. Харилцааг улам хурцатгасан бас нэгэн үйл явдал нь Москва энэ сард Японы Засгийн газар тодорхой хувийг нь эзэмшдэг “Japan Tobacco” компанийн Орос дахь хөрөнгийг хураан авсан явдал юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08